АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХУГАЦААНД ГУРВАН ЗӨВЛӨХТЭЙ АЖИЛЛАНА

2021.01.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат бүрэн эрхийнхээ хугацаанд өөрт үйлчлэх зөвлөхүүдээ томиллоо. Тухайлбал, Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн судалгаа, шинжилгээ, төсөл, хөтөлбөр хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Амгала...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат бүрэн эрхийнхээ хугацаанд өөрт үйлчлэх зөвлөхүүдээ томиллоо. Тухайлбал, Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн судалгаа, шинжилгээ, төсөл, хөтөлбөр хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Амгаланбаатарыг, “Е-mongolia” системийг орон нутагт нэвтрүүлэх асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Од-Эрдэнийг, Гадаад харилцаа хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ч.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус томиллоо.

Дагдандоржийн Амгаланбаатар нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1988-1998 онд Өндөрхаан хотын 3-р 10-н жилийн сургууль, 1998-2002 онд МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг "Олон улсын Эдийн засагч" мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 2002-2004 онд МУИС ЭЗС-ийг Бизнесийн удирдлагын салбарт, Маркетер магистрын диплом хамгаалж, тус сургуульд 2014 оноос эхлэн докторантаар суралцаж байна.

Д.Амгаланбаатар нь 2004-2005 онд “АПУ” ХК-д Маркетинг, Борлуулалтын газрын захирал, 2006 оноос одоог хүртэл үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-д Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрбээр 2016, 2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос Аймгийн Засаг даргын зөвлөх, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн судалгаа хариуцсан дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

Оюуны Од-Эрдэнэ нь Биндэр сумын ЕБС, 1996 онд Монгол Улсын Техникийн Их Сургуулийн Холбоо, Мэдээлэл техникийн сургуульд “Радио холбоо” мэргэжлээр бакалавр, 2013 онд магистр, 2018 онд Монгол Улсын Зөвлөх инженер зэргийг хамгаалж, БНСУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлжээ.

О.Од-Эрдэнэ 1996 оноос МЦХ, МХС компаниудад ээлжийн инженер, АТС-н инженер, ерөнхий инженер, газрын даргаар тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн чиглэлээр мэдээлэл харилцаа холбооны ашиглалтыг сайжруулах , орон нутгийн харилцаа холбоог хөгжүүлэх чиглэлээр судалгаа, төсөл боловсруулан 20 орчим бүтээлд хамтран болон бие даан ажиллажээ.

Чулуунбаатарын Мөнх-Эрдэнэ эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2002 онд Лондон хотод Англи хэлний курс, 2003 онд “Мон-Алтиус” БТДС-ийг Биеийн тамирын багш- дасгалжуулагч мэргэжлээр төгсөж, 2006 онд Санхүү, эдийн засгийн "Жонон" дээр сургуулийг Санхүү менежментийн магистр хамгаалсан бол 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжил эзэмшсэн байна. Тэрбээр 2016 оноос аймгийн Засаг даргын зөвлөх, 2018 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Хэнтий хариуцсан ажилтнаар ажиллаж байна.

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЗӨВЛӨХҮҮДЭД АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ