Дорноговь аймгаас оюутан, сурагчдаа татан авна

2020.12.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр /2020.12.08/ аймгийн Шуурхай штабын хурлаар цар тахлын /Covid-19/ тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас оюутан сурагчдаа татах авах асуудлаар хэлэлцлээ. Тухайлбал, Хэнтий аймгаас Дорноговь аймгийн Анагаах ухааны сургууль, т...

Өнөөдөр /2020.12.08/ аймгийн Шуурхай штабын хурлаар цар тахлын /Covid-19/ тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас оюутан сурагчдаа татах авах асуудлаар хэлэлцлээ.

Тухайлбал, Хэнтий аймгаас Дорноговь аймгийн Анагаах ухааны сургууль, төмөр замын Политехник коллежид суралцаж буй 51 оюутан, сурагчид бүгдээрээ PCR шинжилгээнд хамрагдаж хариу сөрөг гарсан бөгөөд маргааш буюу энэ сарын 9-ний өдөр татан авах ажлыг аймгийн Шуурхай штаб, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлгийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах гэж байна. Тус оюутан сурагчид, халдваргүй бүсэд буюу Сайншанд хотод сургуулийн дотуур байрандаа тусгаарлагдсан бөгөөд аймгийн Шуурхай штабаас татан авч, гэрийн ажиглалт, хяналтад 14 хоног байлгана гэж үзлээ.

Харин Говьсүмбэр, Дархан-Уул аймгаас татан авчрах оюутнуудыг тусгаарлах байранд байрлуулах талаар зөвшилцөв. Эцсийн шийд хараахан гараагүй байна. Мөн Дархан хотод байгаа оюутнуудыг тухайн аймагт нь PCR шинжилгээ хийлгэх хүсэлт өнөөдөр илгээж, Авто тээврийн үндэсний төвөөс автобусаар Улаанбаатар хотод ирүүлэх, улмаар ирсэн цэгээс нь Хэнтий аймгаас тусгай унаагаар авчрахаар болов.

Үүнчлэн Хэрлэнгийн гүүрний нэгдсэн пост, Дорноговь аймгаас оюутан сурагчдаа татан авах зардлыг аймгийн Засаг даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас гаргаж зарцуулахаар боллоо.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат цар тахлын халдваргүй бүс нутгаас зорчиж буй иргэдийг хяналтын постуудад саатуулж чирэгдэл учруулахгүй байхыг холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагуудаас хүслээ. Халдваргүй бүс нутгаас зорчигчид тухайн газрынхаа Шуурхай штабаас нэвтрэх бичиг авснаар Хэнтий аймаг руу нэвтрэх, дамжин өнгөрөх боломжтой юм. Өнгөрч буй 8 хоногийн хугацаанд Хэнтий аймагт 2677 иргэн ирсэн бөгөөд гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа нь дуусаагүй, харьяа эрүүл мэндийн байгууллагынхаа хяналтад байгааг албаны эх сурвалж дуулгалаа.