Шуурхай штабын хурлын шийдвэр: Чингис хотоос сумд руу зорчих иргэдэд зориулж хүлээлгийн өрөө гаргалаа /2020.12.02/

2020.12.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэргэжлийн байгууллагуудад хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө. Хэрлэн сумын төвийн таван багуудад томилогдсон багуудыг хариуцлагатай, сахилга баттай ...

Өнөөдөр аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэргэжлийн байгууллагуудад хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө.

Хэрлэн сумын төвийн таван багуудад томилогдсон багуудыг хариуцлагатай, сахилга баттай ажиллуулахыг Сумын Засаг дарга бөгөөд сумын Онцгой комиссын дарга М.Шүрэнцэцэгт үүрэг болголоо.

Гэрийн ажиглалтад орсон иргэдийг хяналт тавьж ажиллах нийтдээ 48 хүний бүрэлдэхүүнтэй таван багийн ахлагчдаар аймгийн Онцгой комиссын гишүүн, Хэнтий-Ус ХХК-ийн захирал Г.Батгэрэл / Хэрлэн багт /, Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Мөнхцэцэг /Булаг баг/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр /Баянмөнх баг/, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК-ийн захирал О.Од-Эрдэнэ /Сариг баг/, Цахилгаан холбооны газрын дарга Ч.Батгэрэл /Өндөрхаан багт/ нар томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Шаардлагатай нэг удаагийн хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэх зардлыг Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/543 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Тиймээс Зооноз өвчин судлалын төвийн дарга Г.Наранхүүг яаралтай нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Өчигдөр аймгийн Онцгой комиссын хурлаар Засаг дарга Ц.Идэрбат Нэгдсэн эмнэлгийн газрын даргад ЭМЯ-наас оношлуур татаж авах үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулж, Эрүүл мэндийн яам руу 5000 ширхэг оношлуур хүссэн хүсэлт явуулахаар болов.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дайран Сүхбаатар, Дорнод аймаг руу хувийн автомашинаар зорчиж буй иргэдийг Хэнтий аймагт нэвтрэх цэгт автомашины дугаар, QR код, зорчигчийн тоог бүртгэн нэвтрүүлж, аймгаас гарах цэгт шалган /тулган/ зорчуулахаар боллоо.

Тусгай чиг үүргийн тээврийг /Хүнс, шатахуун тээвэр, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан/ Улаанбаатар хотоос шинжилгээнд хамрагдсан бичиг, QR кодоор нэвтрүүлнэ. Багануур дүүргээс нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл харьяа сумынхаа Шуурхай штабын бичигтэйгээр тээвэр хийхээр боллоо.

Улаанбаатар хотоос ирээд сумынхаа унааг хүлээж буй зорчигчдод зориулж Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн тусгаарлах байранд хүлээлгийн 3 өрөө гаргахаар боллоо. Ингэхдээ нэг хоногоос илүү байлгахгүй бөгөөд сумдын Шуурхай штабаас иргэдээ татан авах зохицуулалтыг хийх юм. Үүнийг тодруулбал, аймгийн Шуурхай штабаас сумдын Шуурхай штабт харьяа сумд руу зорчиж буй иргэдийн бүртгэлийг урьдчилан хүргэж байгаа бөгөөд, нийтийн тээврээр зорчин ирсэн иргэдийг автобуснаас тосож, сумдад хүргэх үүрэг өмнө нь өгсөн юм. Тэгэхээр хүнээ татан авч буй сумдын тээврийн хэрэгсэлд ямарваа нэгэн хүндрэл саатал гарах магадлалыг тооцоолж дээрх байдлаар хүлээлгийн өрөө гаргаж буйг албаны эх сурвалж мэдэгдлээ.