Аймгийн онцгой комиссын 38 дугаар хурлын шийдвэрүүд

2020.12.10
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга
Өнөөдөр /2020.12.01/ аймгийн Онцгой комиссын 38 дугаар хурал боллоо. Хурлаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоол, Хэнтий аймгийн зорчигч тээврийн үйл ажиллагааны танилцуулга, Ту...

Өнөөдөр /2020.12.01/ аймгийн Онцгой комиссын 38 дугаар хурал боллоо. Хурлаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоол, Хэнтий аймгийн зорчигч тээврийн үйл ажиллагааны танилцуулга, Тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлын талаарх мэдээллийг аймгийн онцгой комиссын гишүүдэд хүргэж, МУ-ын Засгийн газар, Улсын онцгой комиссын ирүүлсэн тогтоол шийдвэр чиглэлийн дагуу хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн онцгой комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэн орон нутгаас Улаанбаатар руу зорчиж буй иргэдийг шинжилгээ авахгүйгээр нэвтрүүлэхээр боллоо. Тэгэхдээ төв магистрал авто зам дагуух сумдаас Улаанбаатар хот руу зорчихдоо харьяа сумынхаа Шуурхай штабт асуумж өгөх, бусад сумдаас Чингис хотоор дайран Улаанбаатар хот руу нийтийн тээврээр болон хувийн автомашинаар зорчих иргэд заавал аймгийн Авто тээврийн төвд асуумж бөглөж зорчих аж. Мөн коронавирусын тохиолдол гараагүй аймаг руу зорчихдоо аймгийн авто тээврийн төвд асуумж бөглөх зохицуулалтыг хийлээ.

Аймаг доторх, сумаас сум хооронд, сумаас баг, багаас баг хоорондох хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлэхээр боллоо.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд гарсан 81 постыг маргааш татан буулгаж, шинээр 20 постийг халдварын голомтот бүстэй хил залгаа сумд болон авто тээврийн хөдөлгөөн дамжин өнгөрөх цэгт байгуулан ажиллахыг аймгийн Засаг дарга Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсайханд үүрэг болголоо.

Тэрбээр мөн ЭМЯ-наас оношлуур захиалж, нөөцлөх ажлыг аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаярт үүрэг болголоо.

Улсын онцгой комисс, МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу дараах 18 чиглэлийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 11-нийг хүртэл явуулахаар боллоо.

1.Эрчим хүч

2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт

6. Банк, санхүү, хөрөнгийн бирж

7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага

9. Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт

10. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл

11. Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

12. Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр

13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр

14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт

15. УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/

16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

17. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

18. Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа

Аймгийн онцгой комиссын хурлын өмнө аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Шадар сайдын орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим хуралд оролцсон бол /АОК-ын/ хурлын дараа аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн нийт сумдынхаа шуурхай штабтай хуралдаж, хурлын шийдвэрээ хүргэсэн юм.

Аймгийн онцгой комиссын шийдвэрийг үндэслэж аймгийн Засаг даргын “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” А/545 дугаартай дараах захирамж гарлаа. Тус захирамжаар:

1. Хэнтий аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээ, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, жагсаал цуглаан, соёл урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ зохион байгуулах, сургалтын төв, фитнес бялдаржуулах төв, бар, караоке, цэнгээний газар, компьютер тоглоом болон биллиард, сүм хийд, шашны үйл ажиллагааг 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хориглолоо.

2. Эвт худалдааны төв болон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бараа, барилгын материалын дэлгүүр, ахуйн үйлчилгээний газар /гэрэл зургийн үйлчилгээ, цаг засвар, гар утас засвар, оёдолчин, үсчин, гоо сайхан, халуун усны газар/, авто сэлбэгийн худалдаа, авто машины угаалга зэрэг газруудыг 10:00-17:00 цаг, хүнсний дэлгүүр, өөртөө үйлчлэх хоолны газар /буфет/, зоогийн газруудын цагийн хуваарийг 09:00-20:00 цаг, зочид буудал, дэн буудал, дугуй засварын үйл ажиллагааг цагийн хэвийн горимоор ажиллуулахаар тогтоолоо.

3. Дээрх тогтоосон хориглолт, хязгаарлалтын дэглэм, горимын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын дарга нар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

4. Төрийн байгууллага болон ААН-д ажиллаж байгаа 0-12 насны хүүхэд эх /ганц бие эцэг/-ийг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг байгууллага, ААН-ийн дарга, удирдлагуудад үүрэг болгов.

5. Халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.1, 11.3.2-т заасны дагуу холбогдох бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумдын онцгой комиссын дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжавт тус тус даалгалаа.