Аймгийн онцгой комиссын шийдвэрүүд гарлаа /2020.11.29/

2020.12.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 37 дугаар хурал боллоо. Хурлын эхэнд аймгийн Онцгой байдлын газраас Шуурхай штабын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто т...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 37 дугаар хурал боллоо.

Хурлын эхэнд аймгийн Онцгой байдлын газраас Шуурхай штабын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төвөөс цаг үеийн мэдээлэл хийлээ.

Үүнээс онцолбол Чингис хот болон сумдыг бүсчлэн хаах чиглэлээр нийт 81 байнгын болон түр постыг байгуулж, цагдаагийн 85, олон нийтийн цагдаа 4, сумдын Онцгой комиссын 96, Онцгой байдлын газрын 20, эмнэлгийн 7 ажилтан, алба хаагчид 2 ээлжээр буюу 212 төрийн албан хаагч, 80 тээврийн хэрэгсэлтэйгээр тус тус үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр аймаг буюу голомттой бүсээс Хэнтий аймагт ирсэн 348 иргэдийг гэр ажиглалтад өрх сумдын анхан шатны эрүүл мэндийн төв 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн төв болон сумдын хэмжээнд Цагдаагийн газраас иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий явган эргүүлийн 20 чиглэл, машинт эргүүлийн 3 чиглэлд буюу давхардсан тоогоор 35 офицер, 26 ахлагч өдрийн 8 цагаар үүрэг гүйцэтгэж, баар 52, кафе 4, ресторан 3, тусгай зөвшөөрөлтэй 217 цэг, ерөнхий боловсролын сургууль 26, цэцэрлэг 31, сүм хийд, шашны 33 байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, Онцгой байдлын газраас “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяны хүрээнд чанга яригч бүхий 2 тээврийн хэрэгсэл ашиглан иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэн хамтран ажиллаж байна.

Мөн хяналт шалгалтын хугацаанд аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, тогтоосон цагийг хэтрүүлсэн 3, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 5 дэлгүүр, гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 4, хорио цээрийн дэглэм зөрчсөн 27 зөрчлийг тус тус илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж, өнөөдрийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасны дагуу 24 гомдол мэдээлэл зөрчлийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлжээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА

Өнөөдрийн хурлаар Хяналтын постын цэгүүдэд ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгсэл нөөцөөс гаргах, нөхөн хангалт хийх, Орон нутагт зорчин ирж буй иргэдийг хүлээн авах зохион байгуулалт, Орон нутагт зорчин ирж буй иргэдэд хяналт тавих зэрэг үндсэн гурван асуудлаар хэлэлцлээ.

Аймгийн Онцгой комиссын хурлаар аймгийн Засаг даргын ажлын хэсэг томилж, хөрөнгө зарцуулах тухай захирамж гарлаа. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан өөр аймаг, хотод саатсан, орон нутагтаа буцах хүсэлт гаргасан иргэдийг нэвтрүүлэх ажлын хэсгийг ирэх 12 дугаар сарын нэгнээс зохион байгуулах бөгөөд нийтдээ 10 хоногийн дотор иргэдээ татан авна гэж төлөвлөсөн байна.

Шинээр байгуулсан ажлын хэсгийн ахлагч Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, Зорчигч тээвэрлэлтийг удирдах бүлгийн дарга: Авто тээврийн газрын дарга Б.Ганбат, Бүртгэл хяналтын бүлгийн даргаар Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Ариутгал халдваргүйтгэлийн бүлгийн даргаар Зооноз өвчин судлалын төвийн Г.Наранхүү нар томилогдож, ажлын хэсэг нийт 20 хүнтэй байгуулагдлаа. Аймгийн Засаг даргын захирамжаас онцолбол, дамжин өнгөрч байгаа зорчигч тээврийн хэрэгслийн шатахуун авах цэгийг Жаргалтхаан, Хэрлэн сумын Хэрлэнгийн гүүрний урд байрлах зам дагуух шатахуун түгээх станцууд, зорчигчдыг өөрсдийн бэлтгэсэн хоол хүнсийг хэрэглэх, бие засах цэгийг Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын гүүрнээс урагш Дэлүүн болдог үйлчилгээний төвийн талбай, Жаргалтхаан сумын угтах хаалга, Чингис хотод Авто тээврийн төвийн зогсоолд тус тус байгуулсан байна.

Заасан цэгт зорчигчдын хог хаягдал, бие засах газрыг байгуулах, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах байрны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Халдвар гарсан аймаг, хотоос ирсэн иргэдийг бүртгэн 14 хоног гэрийн ажиглалтад авч, хяналт тавьж ажиллахыг ЭМГ, ЦГ, Тагнуулын хэлтэс, МХГ зэрэг байгууллагын дарга нар, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Аймгийн шуурхай штабын бүрэлдхүүн Онцгой комиссын хурлын дараа сумдтай холбогдож, холбогдох мэдээлэл, чиг үүргийг хүргэн ажиллалаа. Мөн Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, Авто тээврийн төвийн дарга Б.Ганбат нар хэвлэлийн бага хурал зарлаж, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэлээ.

ХЭВЛЭЛИЙН ХУРЛААС ОНЦЛОХ НЬ

Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу 4000 орчим хүн 119.mn сайтад бүртгүүлж, PCR шинжилгээнд орж байна. Хэнтий аймгаас зорчих 1000 шахам хүн байна.

Улаанбаатараас ирж байгаа хүмүүс нарийвчилсан шинжилгээ /PCR/ өгч байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг гэрийн тусгаарлалтад авч үзнэ. Хэрэгжилтэд сумдын онцгой комисс, Хэрлэн сум, Чингис хотын баг бүрт аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг гаргалаа.

Мөн Улаанбаатар хотоос ирж буй хүмүүст хоёр сонголттой тусгаарлах байрны саналыг хүргэж байна. Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн дотуур байр байна. Дотуур байранд нэг удаагийн хувцас хэрэгслийг нь хангаж хоолны мөнгөний тооцоог хийснээр 14 хоног өөрийгөө тусгаарлах бололцоог нээж өгч байна. Хоёрдугаарт өдрийн 45000 төгрөгийн өртөгтэй зочид буудалд тусгаарлах боломж бий.

Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу, Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээвэр, албаны болон хувийн унаагаар нэвтрэх боломж нээгдэж байгаа.

Ирсэн хүмүүсийг Хэрлэн сумын 10 буудал дээр автобусаар үйлчилж буулгана. Ирж байгаа хүмүүсээ тосож авах гэж бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье.

Хувийн унаагүй нийтийн тээврээр зорчсон иргэд Чингис хотод ирж цаашлаад сумд руу явах шаардлага тулгарч байгаа. Тиймээс сумд руу зорчих иргэдийн мэдээллийг www.119.mn хуудаснаас бүртгэлийн дагуу авч нэг өдрийн өмнө харьяа сумдын Шуурхай штабт хүргэнэ. Сумд энэ мэдээллийг авснаар иргэдтэйгээ холбогдоод хүмүүсээ татаж авах ажлыг зохион байгуулна.

Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу явах иргэд нийтийн тээврээр зорчихоор бол /Бор-Өндөр, Батноров сумаас бусад/ аймгийн төвд ирж /Сумын ОК зохион байгуулна/, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, тэндээсээ www.119.mn сайтад холбогдож QR кодоо авч зорчино.

Хувийнхаа тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол тухайн сумынхаа эрүүл мэндийн төв дээр очиж, түргэвчилсэн оношлуулаар оношлуулаад тэндээсээ шинжилгээний сөрөг гарсан хариугаа /албан бланк/ авч, хөдөлгөөнд оролцоно.

Улаанбаатар хот руу зорчиж буй иргэд нэг удаагийн хөдөлгөөн гэдгийг анхаарах хэрэгтэй.

Зорчигч тээвэрлэж буй Автобусанд жолоочоос гадна дөчин хүн суух бөгөөд, нэг найман автобусаар удаа 328 иргэн зорчино. Заасан цэгүүдээр тээвэрлэлт хийж хүргээд, QR код уншуулж авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчид тарааж буулгана. Шаардлагатай бол автобус нэмэгдүүлж 15 хүртэлх автобус гаргах боломжтой. Бор-Өндөр, Бэрх, Батноров чиглэлд хариуцаж буй компаниуд нь автобусаа гаргаад явж байна. Нийтийн тээврээр Улаанбаатар хот руу зорчиж байгаа иргэд QR код уншуулаад шинжилгээгээ өгч сөрөг хариу гарсны дараа www.119.mn хаягт бүртгүүлснээр онлайн билет захиалгын эрх нээгдэнэ. Билетээ захиалаад тээвэр зохицуулагчдад хандсанаар ирсэн найман автобусанд суух боломжтой. Хувийн унаатай иргэд шинжилгээний бичгээрээ нэвтэрнэ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ