Орон нутгийн иргэдийг ирэх 12 дугаар сарын нэгний өдрөөс “зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах бүхий түр журам”-ын дагуу нэвтрүүлнэ /2020.11.26/

2020.12.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурлаар Монгол улсын Шадар сайдын 2020.11.25-ны өдрийн 146 дугаар тушаал батлагдсан түр журмыг хэрэгжүүлэн ажиллах талаар хэлэлцлээ. Өчигдөр болсон Улсын онцгой комиссын хурлаар орон нутгийн иргэдий...

Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурлаар Монгол улсын Шадар сайдын 2020.11.25-ны өдрийн 146 дугаар тушаал батлагдсан түр журмыг хэрэгжүүлэн ажиллах талаар хэлэлцлээ. Өчигдөр болсон Улсын онцгой комиссын хурлаар орон нутгийн иргэдийг ирэх 12-р сарын нэгний өдрөөс эхлээд бүртгэл хийлгэж, коронавирусийн шинжилгээнд хамрагдсан иргэдийг нэвтрүүлж эхлэхээр шийдвэрлэсэн юм.

МУ-ын Шадар сайдын дээрх тушаалд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хөл хорио тогтоосны улмаас өөр нутагт саатсан иргэд харьяа орон нутаг руугаа буцахтай холбогдсон харилцааг зохицуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилго бүхий “Зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах бүхий түр журам”-ыг батлан ирүүлсэн байна.

Тус 12 зүйл, 73 заалт бүхий түр журмаар зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ даргатай ажлын хэсэгт журамтай уялдуулж, Улаанбаатараас орон нутгийн иргэдээ нэвтрүүлэх зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсруулж, маргааш буюу 11-р сарын 27-ны өглөө танилцуулахыг үүрэг болголоо. Үүнчлэн аймгийн Шуурхай штабт Улаанбаатар хот руу гарах иргэдийн судалгааг сум тус бүрээр гаргаж, танилцуулахыг даалгав.

Мөн үеэр аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Амаржаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр “гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосноос хойш өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын захирамж зөрчиж, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан, тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд хөл хорионы дэглэм зөрчиж согтууруулах ундаа зарж борлуулсан зэрэг нийт 37 зөрчлийг Цагдаагийн газар шалгаж байна. Аймгийн Шүүх зөрчлийн хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 3 иргэн 10 хоногийн баривчилгаатай ирсэн. Мөн шүүхээс тодорхой иргэдийг мөнгөн торгуулиар торгож, хариуцлага тооцсон. Тиймээс иргэд тогтоосон хууль журам зөрчиж, ашиг олох зорилгоор согтууруулах ундаа гар дээрээс худалдан борлуулахгүй байх, хөл хорионы дэглэмийг чандлан сахиж, хяналтын постоор Улсын онцгой комиссоос өгсөн үндсэн дөрвөн /Хүнс мах тээвэр, Шатахуун тээвэр, буяны ажил, Эрүүл мэндийн шалтгаан/ чиглэлээс бусад тохиолдлоор нэвтрэхгүй байхыг иргэддээ анхааруулж” уриалж буйгаа илэрхийлэв.

Мөн тэрбээр, Улсын онцгой комисс, Аймаг, орон нутгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хүндэтгэлтэй хандаж, Цагдаагийн байгууллагаас тавьж байгаа албан шаардлагын биелүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Ирэх 12 дугаар сарын нэгний өдрөөс орон нутгийн иргэдийг нутагт нь буцаах, нийслэлийн иргэдийг татан авах журам гарсантай холбогдуулж, аймгийн ЗДТГ-аас журмыг зүйл заалт бүрээр иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх болно.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ