Жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе

2020.11.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Сумдын мэдээ
Жил бүр зохион байгуулагддаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” улс орон даяар өнөөдөр эхэлж байна. Тиймээс “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчи...

Жил бүр зохион байгуулагддаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” улс орон даяар өнөөдөр эхэлж байна. Тиймээс “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан доор зохион байгуулагдаж байгаа энэхүү аянд Хэнтий аймаг нэгдэж байгааг нутгийн иргэд та бүхэндээ сонордуулъя.

Энэ жилийн хувьд  /Ковид-19/ цар тахлын хөл хорионы үе тохиож байгаатай холбогдуулан аяны үйл ажиллагаа болон холбогдолтой мэдээ мэдээллийг цахимаар олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахаас гадна жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах тал дээр дорвитой ажлуудыг төлөвлөөд байна. Манай аймгийн хувьд жендэрт суурилсан хүчирхийллийн дийлэнх тохиолдлууд нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байдаг. Энэ төрлийн хүчирхийлэл нь хүчирхийлэгчийн зан ааш, сэтгэл зүйтэй шууд холбоотой төдийгүй жил ирэх тусам нэмэгдсээр иржээ.

Хэнтий аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 10 сард 1 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс буурсан хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн тоо 197 болж, өмнө оны мөн үеэс өссөн байна. Мөн хүүхдийн эрхийн зөрчил 119 бүртгэгдэж, Хүүхдийн тусламжийн 108 утсанд Хэнтий аймагтай холбоотой дуудлага 2020 он гарсаар эхний 10 сарын байдлаар 57 ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар нэмэгдсэн бөгөөд эдгээр зөрчлийн 85 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байна.

Тиймээс энэ төрлийн хүчирхийллээс хүүхэд, эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоохын тулд хамтарсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн үүрэг, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн арга хэмжээг шат дараатай зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийг дэмжиж ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үүнээс гадна хүчирхийлэлд өртөөд ирсэн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг НЦҮТ-ийг стандартад нийцүүлэн 24 цагийн үйл ажиллагаатай болгож, шаардлагатай төсөв, орон тоог шийдвэрлэхээр Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байна.

Хөл хорионы үед хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд нэмэгддэг тул хөршийн холбоогоо сайжруулан хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хүчирхийллийн талаарх мэдээллийг цаг алдалгүй холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, хүчирхийллийн эсрэг сонор соргог байхыг нийт ард иргэддээ уриалж байна. Мөн анги удирдсан багш нар эрсдэлд бүлгийн сурагчидтайгаа байнгын холбоотой байж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг хүсье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ