Мэдээ мэдээлэл
Шуурхай штаб хуралдлаа /2020.11.21/
Аймгийн Шуурхай штабын ээлжит хурал 10:00 цагаас болж өндөрлөлөө. Хурлын эхэнд Бор-Өндөрт ажилласан ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Бор-Өндөр суманд халдварын тохиолдол батлагдаагүй бөгөөд, сумын Шуурхай штаб, тандалт судалгааны баг ажиллаж байна. Иймээс ард иргэдийг гэр гэртээ тайван байхыг уриалж байна.
Хурлаар тусгаарлах байранд ажиллах баг, тусгаарлах байранд мөрдөх журмын талаар зөвшилцлөө. Мэргэжлийн байгууллагууд эхний ээлжид Политехникийн коллеж /дотуур байр/, “Маргад” зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар бэлэн болгосон байна. Тусгаарлах байранд ажиллах баг, багт өгөх зөвлөмж, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сахиулж ажиллахыг аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээд даалгалаа.
Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд аймгийн Онцгой комиссд хандив өгөх хүсэлтээ илэрхийлээд байгаа тул Аймгийн Шуурхай штабаас Цар тахлын /Covid-19/ үед аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж иргэн, хуулийн этгээдээс хандивласан хөрөнгийг хүлээн авах, зарцуулах тайлагнах журам боловсруулан аймгийн шуурхай штабын хурлаар танилцууллаа. Цаашид холбогдох журмыг мөрдөж ажиллана.
Хот хооронд тусгай чиг үүргийн тээврийн хэрэслүүд /Хүнс, мах тээвэр, шатахуун тээвэр, буяны ажил, эрүүл мэндийн яаралтай тусламж/ нэвтэрч байна. Ингэхдээ Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу мах, хүнсний зориулалтаар тусгай тээвэр хийж буй жолоочдыг Багануурын урд талд байрлах Хэрлэн гүүрний постод шинжилгээ авч нэвтрүүлж байгаа бол бусад тусгай чиг үүрэгтэй зорчигчдыг коронавирусийн шинжилгээнд хамрагдсан бичигтэйгээр нэвтрүүлж байна.
Иргэдийг өвлийн идэш бэлтгэх ажлыг зохион байгуулахыг харьяа сумдад нь даалгасан бөгөөд 24 цагийн зөвшөөрөлтэйгөөр зорчуулж байгаа аж.
Хэнтий аймгийн ЗДТГ