Тусгай чиг үүргээр Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээвэрчид, зорчигчдыг буцааж нэвтрүүлэхдээ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бичигтэйгээр нэвтрүүлнэ /2020.11.19/

2020.11.23
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Шуурхай штаб өдөр бүрийн 10:00 цагт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдрийн хурлаар дараах шийдвэрүүд гарлаа. Тусгай чиг үүрэгтэй, тээврийн хэрэгсэл /өргөн хэрэглээний ...

Аймгийн Шуурхай штаб өдөр бүрийн 10:00 цагт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдрийн хурлаар дараах шийдвэрүүд гарлаа.

Тусгай чиг үүрэгтэй, тээврийн хэрэгсэл /өргөн хэрэглээний хүнс, мах тээвэр, буяны ажил, шатахуун, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах/ Улаанбаатар хот руу нэвтэрч, эргээд Хэнтий аймаг руу буцахдаа заавал коронавирусын шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний бичигтэй байх шаардлагыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн шалтгаантай зорчигчид, тээвэр хийж буй жолооч нар заавал оношлуурт хамрагдаж, шинжилгээний бичигтэйгээр буцаж нэвтэрнэ гэсэн үг.

Өнөөдөр Багануур дүүргээс Хэнтий аймаг руу нэвтрэх Хэрлэн гүүрний хяналтын цэгт Хэнтий аймгаас шинээр пост ажиллуулан эхэллээ. Үүнтэй холбогдуулан Багануурын Онцгой комисс руу Багануур дүүргээс наашаа коронавирусын оношлуурт хамрагдсан /тусгай үүргийн тээвэр/ бичигтэй хүн нэвтрүүлэхийг, шинжилгээгүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж өгөхийг хүссэн бичиг явуулахаар боллоо.

Хүнс, мах тээвэрлэж буй орон нутгийн тээвэрчдэд “Нарантуул” зах дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх цэг гаргаж өгөх боломжтой эсэх, Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирээд гацсан буюу гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг буцаах талаар УОК-руу бичиг хүргэсэн. Тиймээс хариуг яаралтай хүссэн дээрх хоёр агуулга бүхий албан бичиг төлөвлөн Улсын онцгой комисст хүргэхээр болов.

Мэргэжлийн байгууллагуудыг Ерөнхий боловсролын сургуулиудын тусгаарлах байртай танилцаж, халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмж хүргэж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлийг Аймгийн Онцгой комиссын дарга өглөө.

Хэрлэн сумын хөдөлгөөнт постуудад Цагдаа, ОБГ-ын албан хаагчидтай жижүүрлэн гарч байгаа багш нарыг татан буулгахаар боллоо.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дэглэм зөрчсөн Батширээт, Хэрлэн сумын хоёр аж ахуйн нэгжийн Архи, согтууруулах ундаа зарж борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо.

Хэрвээ УОК-оос Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдийг гаргах шийдвэр гаргавал бэлэн байдалд байх шаардлагатай гэж үзэж, зохион байгуулалтын талаар ярилцаж холбогдох журам, төлөвлөгөө боловсруулахаар боллоо.

Аймгийн Статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид өдөр бүр тандалт судалгаа хийж байгаа бөгөөд өнөөдрийн мэдээллээр үхрийн ястай, цул мах тус бүр 1000 төгрөг, ургамлын тос 600 төгрөгөөр нэмэгдсэн, бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгааг мэдэгдэв.

Хэрлэн сумын ЗДТГ- Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Чингис хотын бизнес эрхлэгчидтэй зөвшилцөж, махны тээвэр хийсэн жолооч Улаанбаатар хотоос буцахдаа хүнсний тээвэр хийнэ гэсэн зохицуулалтыг хийсэн байна.

Аймгийн хэмжээнд мах 15 хоногийн нөөцтэй, гурил 24 хоног, гурилан бүтээгдэхүүн 2 хоног, төрөл бүрийн будаа 13 хоног, хуурай сүү 7 хоног, өндөг нэг хоног, ургамлын тос 9 хоног, төмс 123 хоног, хүнсний ногоо 21 хоног, элсэн чихэр 10 хоног, давс 43 хоногийн нөөцтэй байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан мэдэгдлээ. Өнгөрсөн хоёр хоногийн /2020.11.17, 18/ хугацаанд Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу 82 тонн мах, Хэрлэн сум - Чингис хот руу 13,4 тонн мах нөөцөд нийлүүлсэн байна.

Хэнтий аймагтай залгаа Говьсүмбэр, Дорноговь аймагт коронавирусын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан шуурхай штабын бүрэлдэхүүн яг одоо Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшар сумын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй хуралдаж байна.