Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА
/2020.11.12/ Өнөөдөр аймгийн Онцгой комиссын гишүүн Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Г.Лхагвахатан нар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ЗООНОЗ өвчин судлалын төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Халдвартын эмнэлэгт ажиллаж, /Ковид -19/ коронавирусын халдварт өвчлөлийн үед эм тарианы нөөц бүрдүүлэлт, зохион байгуулалт, тусгаарлах байрны бэлэн байдалтай танилцлаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг эм тариа, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хоёр сарын нөөцийг хангах чиглэлээр ажиллаж байна. Яаралтай тусламжийн тасаг хоёр ээлжээр 40 хүнийг хэвтүүлэх боломжийг хангасан бол Халдвартын эмнэлэг коронавирусын өвчлөлийн үед сэжигтэй, магадлалтай, батлагдсан тохиолдлуудыг хүлээн авах өрөө тасалгаа, 50 орыг бэлтгэжээ. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс аймгийн Онцгой комиссд дутагдалтай байгаа тоног төхөөрөмж, эм тарианы хангалтын талаар мөн үеэр саналаа нэгтгэн уламжлахаар боллоо.
11-р сарын 06-11-ний өдрүүдэд Хэнтийгээс Улаанбаатар, Улаанбаатар Хэнтий чиглэлд 1400 орчим хүн зорчсон судалгааг Цагдаагийн газар, Тагнуулын газар гаргасныг эх сурвалж мэдээллээ. Өчигдөр шөнийн 03:00 цагийн байдлаар зорчигчдоос 800 гаруй асуумжийг асуусан төдийгүй үүнээс Хэрлэн суманд 300 гаруй хүн Улаанбаатар хотоос орж ирсэн судалгаа гарсан байна. Улаанбаатараас дээрх хугацаанд ирсэн иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, эрүүл мэндийн байгууллагын хяналт тавих ажил үргэлжилж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг өнөөдөр өглөө 06:00 цагаас энэ сарын 17-ны өдрийг дуустал, эргэлт оруулахгүй байх шийдвэрийг гаргаж, ард иргэдийг шаардлагагүй бол эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг, өндөр халуурсан, амьсгалын замын цочмог шинж тэмдэг илэрвэл 103 дуудлагын утсанд хандахыг зөвлөлөө.
Халдвартын тасгийн гэдэсний халдварын тусгаарлах хэсэгт Халдварт шар өвчнөөр өвдсөн хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 6-р сарын нэгнээс эхэлсэн Халдварт шар өвчний 17 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Коронавирусын өвчлөл гарсан тохиолдолд Халдвартын эмнэлэг бүхэлдээ тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг болох учраас бусад оношоор хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлнэ гэдгийг Халдвартын тасгийг эрхлэгч мэдэгдлээ. Тэрбээр мөн Халдварт Шар өвчин бохир гараар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг идэж ууснаар халдвар авдаг учраас гараа маш сайн, зөв угааж хэвшвэл энэ халдвараас сэргийлэх боломжтойг зөвлөв.
Аймгийн онцгой комиссоос иргэд, олон нийтийг халдваргүйтгэл, хамгааллын дэглэмийг сахиж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ