Хэнтий аймгийн ахмадууд амралт сувиллын газар, ахмадын сантай болно

2020.10.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн 10 сарын 1-ны өдрийг Монголын ахмадын өдөр болгон зарлаж байсан бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас “Ахмадаа хүндэтгэе” уламжлалт барын хүндэтгэлийн үйл ажиллагааг...

Монгол Улсын Засгийн газраас 1992 оноос эхлэн 10 сарын 1-ны өдрийг Монголын ахмадын өдөр болгон зарлаж байсан бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас “Ахмадаа хүндэтгэе” уламжлалт барын хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаан Хэрлэн сумын 1600 гаруй ахмадууд оролцож байна. Анх 2017 оноос аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хотын захирагч байхдаа санаачлан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарт хандан санаачлан зохион байгуулж эхэлсэн тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд урлаг соёлын алдартнууд, УИХ-ын гишүүд жил бүр оролцож ирсэн. Энэ удаа Бүх цэргийн эрдмийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, Хэрлэн сумын ахмадуудад бэлэг барьж байна.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Ц.Идэрбат, Хэрлэн сумын Засаг дарга Б.Энх-Эрдэнэ нар оролцож, ахмадууддаа баяр хүргэлээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ахмадууддаа хандан өнөөдрийн Хэнтий аймаг, Чингис хот та бүхний залуу халуун нас, аймаг орон нутгаа гэсэн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд бий болсон хэмээж баяр хүргэлээ. Мөн харьяалалгүй ахмадуудаа баг дээр нь хүлээн авч байгаа, хүрэлцэн ирж чадаагүй ахмадуудад гарын бэлэг хүргэн ахмадаа хүндэтгэж байна.

2018 онд Хэнтий аймаг ахмадын ордонтой болсон. Өнөөдрийн УИХ-ын гишүүд, аймгийн Засаг даргатай уулзсан уулзалтын үр дүнд Дэлгэрхаан суман дахь ХХҮГ-ийн ахмадын сувиллыг өргөтгөж, 40 хүн хүлээж авах чадалтай амралтын газартай болохоор болсныг дуулгалаа. Мөн тэрбээр аймгийн ахмадын холбооны саналыг хүлээн авч 45 хүний автобус ирэх онд шийдвэрлэх болсныг мэдэгдэв. Үүнчлэн цаашдаа ахмадын хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч, Ахмадын санг байгуулж, ахмадуудтай холбоотой зардал, ажил асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.

Хэнтий аймгийн ЗДТГ