Мэдээ мэдээлэл
Хэнтий аймагт ирэх долоо хоногт Төрийн албаны шалгалт явагдана
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарласан байгаа билээ. Энэ хүрээнд Төрийн албаны шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байсан. Шинэ коронавирусээс шалтгаалан олон нийтийн үйл ажиллагаа хойшлогдсон байгаа хэдий ч Төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтын үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэр, ЗГХЭГ-ын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Тусгай шалгалтыг зохион байгуулах ажлыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд үе шаттайгаар, тусгай горимын дор зохион байгуулах шийдвэр гарсан.
Тэгвэл өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар, нарийн бичгийн дарга Ж.Саруултөгс нар сумдын ЗДТГ, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нартай Төрийн албаны шалгалтын талаар цахимаар хуралдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өглөө.
Төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор тусгай шалгалтыг хялбаршуулсан журмаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү тусгай шалгалт Хэнтий аймагт ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын сүүлээр явагдаж эхэлнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймагт төрийн албаны 153 сул орон тоо байгаа аж. Тухайлбал, төрийн захиргааны удирдах албан тушаал, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал, мөн аймаг сумын хэмжээнд ажиллах туслах түшмэл, дэс түшмэлийн сул орон тоо бий гэнэ.
Шалгалтыг төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн иргэд өгөх боломжтой, хэрвээ нөөцөд бүртгэгдээгүй бол уг шалгалтыг өгөх боломжгүй гэдгийг эх сурвалж анхаарууллаа.
Шалгалттай холбоотой бүртгэлийг шалгалт эхэлхээс гурав хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн вэбсайт http://csc.gov.mn/, Хэнтий аймгийн мэдээллийн вэбсайт http://khentii.mn/ , “Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар” фэйсбүүк хуудсанд мэдээллэх бөгөөд, цахим бүртгэл гурав хоногийн өмнөөс товлон зарласан өдөр буюу нэг өдөрт багтаан 09:00-17:00 цагийн хооронд явагдах юм байна.
Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ж.Ганбаатар “- Хэнтий аймаг 153 сул орон тоон дээр 153 шалгалт авна. Тухайлбал, нэг ажлын байран дээр хоёр иргэн бүртгүүлсэн бол тухайн хоёр иргэнийг оруулаад тусгай шалгалт авна. Шалгалтаа өгч дуусмагц ариутгал хийгээд дараагийн орон тоон дээр шалгалт авахаар зохицуулалт хийсэн. Бүх сул орон тоон дээр шалгалт өгөхөөр иргэд бүртгүүлэх юм бол 20 гаруй хоног шалгалтын ажил үргэлжлэх магадлалтай” гэдгийг мэдээлэв.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ