Аймгийн онцгой комиссын шийдвэрүүд

2020.03.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Өчигдөр орой аймгийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хуралд онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов МАЛЧДАД РАПС ҮНЭГҮЙ, АШИГТ ДОЛООЦ 50 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ОЛГОНО Аймгийн хэмжээнд хаваржилты...

Өчигдөр орой аймгийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хуралд онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов

МАЛЧДАД РАПС ҮНЭГҮЙ, АШИГТ ДОЛООЦ 50 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ ОЛГОНО

Аймгийн хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан орон нутгийн нөөцөд нөөцөлсөн рапсыг малчдад үнэ төлбөргүй, ашигт долооцын үнийг 50 хувиар хямдруулж /5500 төгрөг/ олгохоор боллоо. Өөрөөр хэлбэл анхны үнээсээ хоёр дахин хямдруулсан гэсэн үг. Ашигт долооцыг зах зээлд 22000 төгрөгөөр борлуулж байна.

Хямдарсан болон үнэгүй олгох тэжээлийг Хэрлэн, Баянхутаг сумын Засаг дарга нартай зөвшилцөн хуваарилан олгохыг Онцгой байдлын дарга, дэд хурандаа Н.Чанцалд хариуцуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарт үүрэг болголоо.

ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛТЭЙ БАЙНА

Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 7,9 мянган малчин өрхөд 4.8 сая толгой мал хаваржиж байна. Хэнтий аймгийн нийт нутгаар цасны дундаж зузаан 1-18 см, нутгийн өмнөд хэсгээр 1-5 см, бусад нутгаар 6-18 см зузаан байна. Аймгийн хэмжээнд бод малын хорогдол 25,7 мянга гарсан нь нийт малын 0,5 хувийг эзэлж байна. Харин төллөвөл зохих 2,3 сая толгой хээлтэгчийн 0,3 хувь буюу 7,2 мянган хээлтэгч мал төллөж,  98 хувьтай бойжиж байгаа, цаашид хаваржилт хүндэрч болзошгүй байгааг хуралдааны үеэр Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгаланд мэдээллээ.

60 ХОНОГИЙН ХҮНСНИЙ НӨӨЦ БЭЛТГЭНЭ

Хурлын үеэр Шинэ коронавирусын болзошгүй эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж дараах шийдвэр гарлаа.

Тухайлбал, Зорчих тээврийн хөдөлгөөнүүдийг хаасантай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлж, хүнсний барааны нөөцийг бүрдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж, дүнг гуравдугаар сарын 23-ны дотор Аймгийн онцгой комиссд танилцуулахыг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад даалгалаа.

Хурлаар, хүнсний хангамжийн талаар мэргэжлийн байгууллага /2020.03.11-ний дүнгээр/ 18 сумын хүнсний нөөцийн хангамж хэвийн, хомстол үүсээгүй, бараа бүтээгдэхүүн үнийн хөөрөгдөлгүй хэвийн явагдаж байгааг мэдээллээ. Аймгийн хэмжээнд Мөрөн, Бор-Өндөр сумын 3 аж ахуйн нэгж зохих зөвшөөрлийн дагуу хүнсний нөөц татан авч тээвэрлэх ажил үргэлжилж байгаа гэнэ.

Аймгийн хэмжээнд хүнсний голлох барааны нөөцийн талаар мөн танилцуулав. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг аймгийн нийт хүн амд харьцуулахад 10-30 хоногийн нөөцтэй бай Одоогийн байдлаар малын мах 157 тонн буюу 61 хоног, хуурай сүү 2,4 тонн буюу 2 хоног, гурил 170 тонн буюу 31 хоног, будаа 35,2 тонн буюу 12 тонн, ургамлын тос 17 тонн буюу 15 хоног, давс 15 тонн буюу 60 хоног, төмс, хүнсний ногоо 289,1 тонн буюу 40 хоногийн нөөцтэй байгаа аж.

Улсын онцгой комиссоос өчигдөр ирүүлсэн чиглэлээр аймаг 60 хоногийн хүнсний нөөц бэлтгэх ёстой. Тиймээс хүнсний нөөцөө яаралтай бүрдүүлэхийг Аймгийн Засаг дарга Н.Ганбямба дээр дурдсанчлан мэргэжлийн байгууллагуудад хариуцууллаа

ГАДААДЫН ОРНООС ИРСЭН ИРГЭДЭД АЖИГЛАЛТ ХИЙЖ, ГАДААД ИРГЭДИЙГ ТУСГААРЛАВ

Хурлаар Аймгийн эрүүл мэндийн газраас гадны улс орноос ирсэн иргэдийн судалгааг танилцууллаа.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-25-ны өдрийн хугацаанд олон улсын нислэгийн зорчигчдоос орон нутгийн харьяат 30 иргэний судалгааг гарган харьяаллын сум, өрхийн эмчийн хяналтад авч лист хөтөлж, зөвлөмж өгөн ажиллаж байгаа аж. Ажиглалтад байгаа иргэдээс эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүйг ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа илэрхийллээ.

Мөн аймгийн нутаг дэвсгэрт COVID-19 халдварын нууц үеийн хугацааг үндэслэн өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн гадаадын дөрвөн иргэнийг хяналтад авч тусгаарлажээ. Бор-Өндөр, Батноров, Галшарт тусгаарлагдсан иргэдийн өдөр бүр халууныг нь хэмжиж, асуумж судалгаа авч, илтгэх хуудас, хяналтын хуудас хөтлөн, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа аж.

ХАНДИВЫН ДАНСАНД БҮРДСЭН 25 САЯ ТӨГРӨГӨӨС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ, ХЯНАЛТЫН МОНИТОР, СОРОХ АППАРАТ ХУДАЛДАН АВЧ ӨГӨХӨӨР БОЛОВ

Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хяналтын монитор, сорох аппарат зэргийг худалдан авахад таван сая төгрөг зарцуулахаар боллоо. Дээрх зардалд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нэмэлт дансанд бүрдсэн хандивын данснаас санхүүжүүлэхээр боллоо. Хандивын дансанд /2020.03.12/ ард иргэд, ААН, Албан байгууллагуудаас 25 сая төгрөг төвлөрснийг онцгой комиссын хурлаар аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Нямдаваа мэдэгдлээ.