Мэдээ мэдээлэл
Хэнтий аймгийн онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүд гарлаа
Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг Улсын онцгой комиссоос ирүүлж, хоёрдугаар сарын 15-ны өдөр аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Хуралдааны эхэнд МУ-ын Засгийн газрын тогтоолтой холбоотой нэгдүгээр сарын 27-ноос хойш авч хэрэгжүүлсэн ажил, цаг үеийн нөхцөл байдал, эрсдэл тохиолдоход бэлэн эсэх, болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн Эмнэлэг, Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Хэнтий аймаг дахь салбараас онцгой комиссын гишүүдэд танилцуулж, аймгийн Засаг даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах нөөц сангаас шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар санал хүргэлээ.
Өнгөрсөн хугацаанд шинэ Коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Аймгийн Онцгой комисс 5 удаа хуралдаж,7асуудлыг шийдвэрлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ирсэн.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд дараах удирдамжийн хүрээнд шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
Тухайлбал, гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Зооноз өвчин судлалын төвийн нөөцийг нэмэгдүүлэх, халдваргүйтгэл, ариутгалын бодис, цэвэрлэгээний бодис нөөцлөх, ард иргэдэд масс мессеж, сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэх зориулалтаар 60 сая төгрөг зарцуулахаар боллоо. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/71 дугаар захирамжаар аймгийн ОБГ-т 24 цагийн үйл ажиллагаатай шуурхай штаб байгуулагдлаа.
Удирдамжийн хүрээнд 0-5 настай хүүхэдтэй, өндөр настай ахмадтай, асран хамгаалагч шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажлын цагийг тусгай горимд шилжүүлэн ажиллуулахаар болов. Харин согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг үйлчилгээний газар, Аж ахуйн нэгжүүдийн ажлын цагийн хуваарьт оройн 18:00 цагаас хойш архи, согтуулах ундаа зарж борлуулахгүй байх хязгаарлалт хийлээ. Үүн дээр аймгийн Засаг дарга Н.Ганбямба Цагдаагийн газрын дарга Б.Батсайханд хязгаарлалт хийсэн цагаас хойш архи зарж борлуулах, архи шаглах, борлуулах асуудалтай хатуу тэмцэхийг анхаарууллаа.
Мөн шашны байгууллагуудын шашин номын хурал цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх талаар анхаарч холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдэгдэл хүргүүлэхээр боллоо.
Аймгийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, орон нутгийн мэргэжлийн албад, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, авто машин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх талаар аж ахуйн нэгжүүд, эмийн сангуудад мөн мэдэгдэл хүргүүлэхээр боллоо.
Хуралдааны төгсгөлд аймгийн Нэгдсэн эмнэлгээс сүрьеэгийн эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар комиссын гишүүд зөвшилцөж, холбогдох зардал, хувилбарт байршлуудын талаар судалж, эргэн шийдвэрлэхээр боллоо.
Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх удирдамж иржээ.
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндтодотгол хийх, шуурхай штаб байгуулах.
- Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах.
- Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох.
- Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл бэлэн байдлыг хангах.
- Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх.
- Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагууд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй дамжуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
- Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох.
- Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх.
- Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
- Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох
- Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх.
- Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох
- Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах
- Аж ахуй нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах
- Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.
Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох