"Хэрлэн дом" өрхийн эмнэлгийн эмч нар 613 өрхөд гэрийн эргэлтийн үзлэг хийжээ

2020.02.04
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх арга хэмжээний тухай 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 30 дугаар тогтоол гарч, үүнтэй холбогдсон аймгийн Засаг даргын захирамжаар Хэнтий аймгийг өнд...

Шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх арга хэмжээний тухай 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 30 дугаар тогтоол гарч, үүнтэй холбогдсон аймгийн Засаг даргын захирамжаар Хэнтий аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсан. Тус шийдвэрийн хүрээнд өдөр бүр аймгийн Эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд олон нийтэд бодит мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Энэ удаад "Хэрлэн Дом" Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Хонгорзул мэдээлэл өглөө.
Хэрлэн Дом Өрхийн эрүүл мэндийн төв нь Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багийн 2000 гаруй өрхийн 8507 хүнд үйлчилж байна. Томуу, томуу төст өвчин дэгдсэнтэй холбоотойгоор бэлэн байдлыг хангаж, нэг эмч нэмэгдүүлэн таван эмч, хоёр дуудлагын автомашинтай уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Ж.Хонгорзул 2019.12.30-наас эхлэн нэгээс тавдугаар долоо хоногийн томуу, томуу төст өвчлөлийн дүн мэдээний нэгтгэлийг танилцууллаа.

          Тоймолбол, Амбулаторийн үзлэгээр нэгдүгээр долоо хоногт томуугийн үзлэг нийт үзлэгийн 2 хувийг, хоёрдугаар долоо хоногт 8,1 хувь, гуравдугаар долоо хоногт 10,9 хувь, дөрөвдүгээр долоо хоногт буюу нэгдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд 13,4 хувийг эзэлж байсан бол тавдугаар долоо хоногт 16,8 хувьд хүрч, нэгдүгээр сарын 28-наас өрхийн эмчийн амбулаторийн үзлэгийг зогсоож, гэрийн үйлчилгээнд буюу гэрийн эргэлтийн үзлэгт шилжүүлжээ. Нэгдүгээр сарын 25-ны байдлаар нийт 1893 үзлэг хийснээс 172 нь томуу, томуу төст өвчний үзлэг байсан бол 103 дуудлага хүлээн авч, 175 өрхөд хүрч гэрийн үзлэг хийжээ. Нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын нэгнийг хүртэл өрхийн эмч нар 0-5 насны хүүхэдтэй өрх, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд, зорилтот бүлгийн 394 өрхөд хүрч ажилласан бол тус эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 51 дуудлага бүртгэгджээ. Харин энэ сарын эхний өдөр 44 өрхөд хүрч гэрийн үзлэгийг хийжээ.

  • Эмч дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Амаа сод, жамц давсны уусмалаар зайлж, залгиур хоолой амны хөндийгөө цэвэр байлгах
  • Стресс бухимдалгүй байх
  • Эрт унтаж амрах
  • Өдөр бүр усанд орох
  • Гэртээ тогтмол агааржуулалт хийх
  • Аарц, цагаа ууж байхыг анхааруулж байна.

С.Ган-Эрдэнэ