Хэнтий аймагт таван газар хөл хорио тогтоогоод байна

2020.01.28
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймагт өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө 14 настай Н өндөр халуурсан байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өдрийн 16 цагийн үед нас нөгчсөн золгүй явдал гарса...

Хэнтий аймагт өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө 14 настай Н өндөр халуурсан байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өдрийн 16 цагийн үед нас нөгчсөн золгүй явдал гарсан. Талийгаачийг Коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэх хардлага үүссэн учраас сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв руу явуулсан. Сорьцын хариу 72 цагийн дараа гарна гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Аймгийн онцгой комисс гурван удаа хуралдсан. Хурлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн заавар зөвлөмжүүдийг авч хэрэгжүүлэх, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, талийгаач Н-ийн амьдарч байсан орон сууц барилгын ойр орчимд, хоёрдугаар хавьталт байж болзошгүй хүмүүст хөл хорио тогтоож аймгийн хэмжээнд нийтдээ таван газар хөл хорио тогтоогоод байна. Мөн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас 34 албан хаагч, 16 автомашинтайгаар хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байгааг ОБГ-ын дарга дэд хурандаа Н.Чанцал мэдэгдлээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урсгал чиглэлүүдийг өөрчилж, байнгын постууд ажиллуулж, орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж талийгаачийн онош тодортол үйл ажиллагаа явуулж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлгөөнийг 72 цагийн дотор гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гаднаас зөвхөн эргэлт оруулж байгаа аж.

Түүнчлэн Чингис хотын хэмжээнд хорио тогтоосон газруудынхаа зураглалыг үйлдэж, бүх сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт чиглэл өгч, багш нарыг утсаар тандалт судалгаа хийлгэх, сумдын дарга нартай онлайн хурал зохион байгуулж, томуу томуу төст өвчний мэдээлэл нэгтгэх, чиглэлээр өнөөдөр дахин хуралдаж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНААР ДАРААХ ШИЙДВЭРҮҮД ГАРАВ

1.Олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээг түр хугацаагаар хязгаарлах /хурал цуглаан, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, сургалт гэх мэт/
2. Үйлчилгээний олон нийтийн газруудад урдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж мэргэжлийн заавар зөвлөмж өгөх
3. Иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
4. Өвчлөлийн байдалд хяналт тавьж, бэлэн байдлыг хангах
5. Шаардлагатай бодис, хамгаалах хэрэгслийг татан нөөц бүрдүүлэх, худалдаанд гаргах чиг үүргийг холбогдох байгууллагуудад өгч,
6. PC тоглоомын газрыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.
Хятад улсад гараад буй корона вирусын талаар иргэд буруу ташаа мэдээлэлд авталгүй, мэргэжлийн болон хэвлэл мэдээллийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авахыг анхааруулсан байна.

ҮҮНЧЛЭН, ХЭРЛЭН_СУМЫН_ХЭМЖЭЭНД 2-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО

Сумын Онцгой комисс хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар 1-р сарын 27-ноос 2-р сарын 1-ний өдрийг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, ПС тоглоомын газрууд, Эвт худалдааны төв, баар, ресторан, караоке, Хэрлэн сумын 4-р баг, Хэрлэн хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо.