Мэдээ мэдээлэл
Хэнтий аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа гарлаа
Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан төр, хувийн хэвшлийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, ажил олгогчдод Монголын маркетингийн судалгааны ассоциацаас Хэнтий аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааны хураангуйг танилцууллаа.
Аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХҮГ, МСҮТ-өөс захиалан хийлгэсэн бөгөөд судлаачдын баг өнгөрсөн сарын 12-ноос эхлэн өнөөдрийг хүртэл нэг сарын хугацаатай 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, статистик тоон мэдээллүүдэд үндэслэн, хөдөөгийн хүн ам ихтэй Биндэр, Баян-Адрага, Батноров, Бор-Өндөр, Өмнөдэлгэр, Баянмөнх зэрэг хүн ам ихтэй долоон сумдад ажиллаж, 76 аж ахуйн нэгж, байгууллага, 94 хувиараа хөдөлмөр эрхлэгч, 419 ажилчид, 169 ажилгүй иргэдтэй тус тус ганцаарчлан уулзаж, судалгааг нэгтгэн боловсруулж, үр дүнг танилцуулж, зөвлөмж хүргэлээ.
Судалгаанаас түүвэрлэн танилцуулахад, сүүлийн 10 жилийн хүн амын шилжих хөдөлгөөнийг харахад 2013-2015 онд Хэнтий аймгаас нийслэл, бусад аймаг руу шилжин явах иргэдийн тоо их байсан бол 2016 оноос тасралтгүй буурч, шилжин ирэгсдийн тоо нэмэгджээ. Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 онд 55,8 хувь байгаа нь улсын дунджаас 5,2 хувь бага байгаа төдийгүй, хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүдийн 61,3 хувь, эмэгтэйчүүд 50,6 хувийг эзэлж байна. Нийт ажиллагсдын 40,7 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа нь бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа аж.
Хэнтий аймгийн нийт хүн ам 2023 он гэхэд 13,6 хувь буюу 10,7 мянган хүнээр өсөх хандлагатай гэж судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл хүн ам 88,4 мянгад хүрч, эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 36,7 мянгад хүрэхээр тооцоо таамаглал дэвшүүлжээ.
2018 оны жилийн эцсийн байдлаар 33,2 мянган 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн байгаагийн 29,4 мянга нь буюу 88,7 хувь хөдөлмөр эрхэлж байна. Өнгөрсөн онд нийт ажиллагсдын тоо 776 хүнээр нэмэгдсэн бөгөөд нийт ажиллах хүчний гол цөмийг 30-49 насныхан бүрдүүлж байна.
Харин хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн хувьд Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн сангийн мэдээллээс харахад 2019 оны гуравдугаар улиралд 1819 ААН, байгууллага харьяалагдаж байгаа нь сүүлийн жилүүдэд тогтмол өссөн дүн бөгөөд нийт ААН, Байгууллагын 62,4 хувь буюу 1135 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагад 1544 ажлын байрны захиалга ирсэн аж. Ангилбал, ажлын байрны 29.0 хувийг үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 26,1 хувийг удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 16,8 хувийг ХАА, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур, 7,8 хувийг уул уурхайн салбарын ажлын байрны захиалга тус тус эзэлж байгаа нь нийт захиалгын 79,7 хувийг бүрдүүлжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээний хүрээнд 2018 оны байдлаар 1400 иргэн ажилд зуучлагдан орсон бол 2020 онд шинээр ажилтан авахаар төлөвлөж буй ажил олгогчдын хүрээнд хөдөлмөрийн зах зээлд 975 ажлын байрны эрэлт хэрэгцээ бий болох дүн гарсныг онцоллоо.
Монголын маркетингийн судалгааны ассоциацаас Хэнтий аймгийн ажилгүйдлийн түвшинг 2019 онд 10.0 хувь 2020 онд 9,9 хувь, харин 2023 онд 9,5 хувь болж буурна гэж таамаглав.