Мэндчилгээ Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав

2023.12.12
Хан Хэнтий нутгийн эрхэм хүндэт ард иргэд ээ

Хан Хэнтий нутгийн эрхэм хүндэт ард иргэд ээ

Элэг нэгт ахан дүүс, зон олон та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !

Улиран одож буй 2023 он бидэнд ололт амжилт, алдаа оноо, сургамжаа харамгүй өгч түүхэн үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Тухайлбал, Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. Баяр дээр давхар баяр нэмж Хэнтийчүүд бид хийж бүтээсэн бүхнээ төрд үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнуулсан түүхэн жил байлаа. Ойн баяраа угтан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж Хан Хэнтий чуулгын барилгыг ашиглалтад оруулан Төв цэнгэлдэх хүрээлэндээ их засвар, шинэчлэлтийн ажил хийлээ. Үүнээс гадна Хэнтийчүүд бид 2022, 2023 онд хоёр жил дараалан “Улсын шилдэг аймаг”-аар шалгарсан билээ. 

Ирж буй 2024 онд төвийн дулааны станцаа ашиглалтад оруулж, авто замын ажлуудыг хийж гүйцэтгэх, Хэрлэнгийн гүүрийг шинээр барих, гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэх зэрэг бүтээн байгуулалтын болон бүтээлч олон ажлуудыг төлөвлөн шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Айлчлан ирж буй 2024 онд хүн бүрийн өмнөө тавьсан зорилго хэрэгжиж, шивнэсэн хүсэл бүхэн нь биелж,

айл бүрийн хойморт аз жаргал цалгин,

алаг үрс маань инээдээр халгиж,

амжилт бүтээлээр дүүрэн,

эрүүл энх, элэг бүтэн, элбэг хангалуун байх болтугай.

 

Та бүхэндээ ШИНЭ ОН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.