Нээлттэй Хэнтий аймаг мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН ДАВУУ ТАЛУУД
Боловсролын салбар: Орон нутаг дахь хамгийн том сургууль болох 1500 хүүхдийн хүчин чадалтай Хэрлэн лаборатори 1 дүгээр сургууль, орон нутаг дах анхны олон улсын хөтөлбөртэй Бэрх сургууль, Монгол улсад ганцхан байдаг төрийн өмчит Яслид хүүхдээ сургах боломжтой.
Эрүүл мэндийн салбар: Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тул 3 дугаар шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагагүйгээр эмчилгээ, оношлогоонд хамрагдах боломжтой.
Инженерийн шугам сүлжээ: Бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон төвлөрсөн дулааны болон цэвэр усны хангамжтай, 6 сум бохир ус ариутгах татуургын төвлөрсөн цэвэрлэх байгууламжтай. Ингэснээр сумын төвд амины орон сууц барих дэд бүтцийн бүрэн шийдэгдсэн.
Харилцаа холбоо: Бүх сум тосгод шилэн кабельд холбогдсон бөгөөд өндөр хурдны интернет, үүрэн холбооны сүлжээг ашиглах боломжтой.
Орон сууц, хотхон: Иргэдийг үнийн уян хатан нөхцөлтэй, зах зээлийн үнээс хямд орон сууцаар хангах зорилгоор “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ыг байгуулан 150 айлын таван блок орон сууц барьж байгаагаас гадна гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, дахин төлөвлөлтөөр орон сууц барих зэрэг ажлууд явагдаж байна.
Зам: Улаанбаатар- Чингис хот, Чингис-Бэрх болон Даланжаргалан-Бор-Өндөр, Чингис-Сүхбаатар аймаг чиглэлийн нийт 650 км улс, орон нутгийн чанартай асфальтон хучилттай авто замаар холбогдсон.
Агаарын тээвэр: Хэрлэн суманд “Өндөрхаан” нисэх буудал, эзэн Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд “Дэлүүн болдог” нисэх буудал баригдаж байна.
Газар тариалангийн салбарт: Аймгийн хэмжээнд ашиглах боломжтой 94,3 мянган га тариалангийн талбайгаас одоогоор 64,2 мянган га-г ашиглаж байгаа бөгөөд цаашид 5 сумын 30,1 мянга га атаршсан талбайг эргэлтэнд оруулах боломжтой.
Мал аж ахуйн салбарт: Хэнтий аймаг 5,1 сая толгой малтай, мал сүргийн тоогоороо улсдаа 4 дүгээрт ордог.