Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН УУЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Улаанбаатар хотноо Хэнтий аймгийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон уурхай, уулын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Аймгийн хэмжээнд 180 аж ахуйн нэгж, уул уурхай эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 100 гаруй аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөл оролцож, салбарын мэдээлэл, туршлага солилцож байна.
Мөн Монголын Уул уурхайн үндэсний ассиоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Жаргалнэмэх, Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр нар оролцож сургалт мэдээлэл явуулав.
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг аймаг орон нутгийн хөгжил, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй, хүртээмжтэй зохион байгуулах, орон нутагт шаардлагатай мэргэжилтэй ажилтан, хүний нөөцийг бэлтгэх, жижиг, дунд үйлдвэрлэгч, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах гэрээний өмнөх оны хэрэгжилтийг дүгнэж, дараагийн 4 жилийн гэрээний нөхцлийг зөвшилцөх, салбарын мэдээ мэдээллийг солилцох, орон нутагтай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


