Мэдээ мэдээлэл
УДАМ ДАМЖСАН ХОШОЙ АВАРГА МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Эдгээр хүмүүс бол Өмнөдэлгэр сумын Чандган багийн малчин Л.Мөнхбаяр, гэргий С.Мөнхчимэг нар юм. Тодруулбал, Өрхийн тэргүүн Л.Мөнхбаярын аав Аварга малчин, гэргий С.Мөнхчимэгийн аав нь хошой аварга малчин хүмүүс байжээ. Жинхэнэ удам дамжсан малч ухаан, холч зүтгэлтэй хоёр хос ийнхүү аймгийн аварга малчин болж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.
Чандган багийн малчин Лувсанцэндийн Мөнхбаяр 1995 оноос хувийн мал аж ахуй эрхлэн мал сүргээ 4 төрөл дээр өсгөн үржүүлж, малын тоо толгойгоо мянга хүргэн, малын ашиг шимийг хүртэн, нөр их хөдөлмөрч, тэвчээр хатуужил, малч ухаан, туршлагыг эцэг өвгөдөөсөө өвлөн мал аж ахуйн салбарт 30 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд Л.Мөнхбаярын хөдөлмөрийг үнэлэн 2005 онд Мянгат малчин, 2018 онд “Сумын сайн малчин” цол, энгэрийн тэмдгээр шагнасан байна.
Шагналыг аймгийн аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, ИТХ-ын төлөөлөгч Ц.Амгаланбаатар, Д.Батболд болон сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдорж, Засаг дарга Р.Энхтөр, Засаг даргын орлогч Б.Оюунгэрэл нар гардууллаа.


