ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН СОГООТ БАГИЙН МАЛЧИН Д.ЭНХБОЛД Б.УРГАМАЛ НАР УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2025.02.26
Үйл явдлын мэдээ
Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн М. Ганхүлэг, аймгийн ИТХ-ын дарга Б. Цогт-Орших болон сумын удирдлагууд гардууллаа.
Улсын аварга малчин Д.Энхболд нь мал аж ахуйн салбарт нийт 35 жил ажиллаж, хөдөлмөрлөж байна. Бодод шилжүүлснээр 733 толгой малтай, мал сүргээ жил дараалан өсгөж, гарсан төлөө хорогдолгүй бойжуулж буй туршлагатай малчин юм. Төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулан 7200 л сүү сааж, зах зээлд борлуулан өөрийн орлогоо нэмэгдүүлж, амьжиргааны түвшингээ дээшлүүлдэг.
Сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 14 өрхийг малжуулахад бодитой хөрөнгө оруулалт хийж, нийт 1387 толгой малыг малжуулахаар өгсөн байна.
Бүлгийн малчидтайгаа хамтран малын өвөлжөө, хаваржаагаа бүрэн тохижуулсан бөгөөд өөрсдийн хүчээр жил бүр 150-аас дээш тонн байгалийн хадлан, 1-2 тонн гар тэжээл, 15-30 тонн хүчит тэжээл бэлтгэж, 15 -20 тонн хужир шүү татан авдаг.

Д.Энхболд нь мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд цаг алдалгүй бүрэн хамруулдаг. 2000 онд Сумын сайн малчин, 2004 онд Сумын оны "Шилдэг Хүн", 2004 онд Сумын алдарт уяач, 2005 онд Аймгийн засаг даргын өргөмжлөл, 2005 онд Шилдэг залуу малчин, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2007 онд МУЗН-ийн Нигүүсэл мөнгөн медаль, 2011-онд ХХААХҮЯ-ны Хүндэт жуух бичиг, 2012 онд МУЗН-ийн Нигүүлсэнгүй үйлст манлай малчин одон, 2014 онд Хэнтий аймгийн сайн малчин, 2015 онд ХХААХҮЯ-ны Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан , 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2017онд Хан Хэнтийн алдартан, 2019 онд МҮОНРТ-ийн “Алтан төлийн эзэн”, 2024 онд Төрийн дээд шагнал “Алтангадас одон” болон сум аймгийн ойн медалиар удаа дараа шагнагдаж байсан. Мал сүргээ тогтмол өсгөж, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлснээр 2003 онд Мянгат малчин, 2007 онд Хоёр мянгат малчин , 2023 онд гурван мянгат малчин болсон бөгөөд нутаг орныхондоо үлгэр дуурайлал болон амьдарч байна.

Мал аж ахуй эрхлэх арга барилыг эцэг өвгөдөөсөө өвлөн авсан ажигч гярхай, бүтээлч идэвхтэй санаачилга зүтгэлтэй, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа үлгэрлэж яваа малчин юм.