Мэдээ мэдээлэл
БИНДЭР СУМЫН МАНДАЛХААН БАГИЙН МАЛЧИН Ц.БААТАРСҮХ, О.ГАНЧИМЭГ НАР УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР ТОДОРЛОО.
Улсын аваргын шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон болон сумын удирдлагууд гардуулж байна. Ц.Баатарсүх нь МУ-ын Гавьяат нэгдэлчин, аварга малчны болзлыг 10 удаа хангаж байсан. БНМАУ-ын Хошой аварга малчин С.Цэндийн 6 дахь хүү юм. Хөдөлмөрч аавынхаа малч ухааныг өвлөж Монгол Улсын Аварга малчин өрх боллоо.
Тэдний хувьд 31 жил мал маллан амьдарч байна. 2001 онд мянгат малчин, 2009 онд 2 мянгат малчин, сумын аварга малчин, 2012 онд сумын Алдарт уяач, 2014 онд Манлай малчин, 2017 онд аймгийн Аварга малчин болж байжээ. Мал сүргийнхээ ашиг шим үүлдэр угсааг сайжруулах сүү цагаан идээгээ тогтмол боловсруулж, Шилмэл малын үзэсгэлэн, Цагаан сар Цагаан идээ нэгдсэн арга хэмжээнд тогтмол оролцож байна.
Хээлтэгч мал тутмаас бод малын төл 95.0-100 хувь, бог малын төл 100-105 хувь бойжуулж, төл малын хорогдолгүйгээр 2022 онд 2012 толгой мал хонин толгойд шилжүүлсэнээр 4627 толгой мал, 2023 онд 1709 толгой мал хонин толгойд шилжүүлснээр 2587 толгой мал, 2024 онд 2154 толгой мал хонин толгойд шилжүүлснээр 3235 толгой мал тоолуулж малыг тоогоор биш чанараар өсгөж байна.
Ц.Баатарсүх нь удам дамжсан малчин хүний хувьд бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаандаа онцгойлон анхаарч, худаг уст цэгийг гаргасан байна. Хадлангийн ургацаа нэмэгдүүлэхийн тулд уламжлалт аргыг хэрэглэн малын хадлан тэжээлийн нөөцөө хангалттай хэмжээнд бэлтгэж, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд бэлтгэлтэй байдаг туршлагатай малчин юм.


