ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 27-НЫ 09:00 ЦАГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА

2025.02.12
Үйл явдлын мэдээ

✅Өнөөдөр Улс орон даяар нэгэн зэрэг Төрийн албаны Ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл 02 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл явагдах ба товлосон цагт цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй бүрэн танилцаж, бүртгэлээ анхааралтай хийлгэхийг Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс анхаарууллаа.

Мөн цахим бүртгэл хийхтэй холбоотой арга зүйн зөвлөгөөг ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд АДЗТГ-ын 1 давхарт 116 тоотод өгч ажиллана.
Төрийн албаны Ерөнхий шалгалт 3 дугаар сарын 12-нд эхэлнэ.

“ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

✅Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол:
- Монгол Улсын иргэн байх;
- Дээд боловсролтой байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
- Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
- Цэргийн алба хаасан байх;
-Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;
- Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
✅Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
- Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
- Иргэний үнэмлэх;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
- Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
- Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.
- Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
✅Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Бүрдүүлсэн баримт бичгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.
✅Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь
Шалгалт өгөх хуваарийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Салбар комиссоос утсаар холбогдож шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.
 
✅✅Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэн “Иргэний үнэмлэх”-ээ биедээ авч ирэхийг анхаарна уу.✅✅