МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛНА

2025.01.21
Үйл явдлын мэдээ

Өнөөдөр /2025.01.21/ аймгийн Засаг дарга Д.Аюурбунь Агентлаг байгууллагуудын Мэдээллийн технологи хариуцсан ажилтнуудтай санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Хэнтий аймаг Дижитал аймаг болох зорилтыг тавьж байгаа тухай танилцуулан уг шилжилтэнд орон нутгийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тэргүүлэх үүрэгтэйг онцолж, Засаг даргын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд IT инженерүүдийг чадавхжуулах хөтөлбөр багтсаныг хэлэв.  

Уулзалтанд оролцогчдийн зүгээс байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах, энэ чиглэлээр өсвөр наснаас эхлэн бэлтгэх шаардлагатай байгааг хэллээ.

Мөн Аймгийн Засаг дарга Цахим хөгжлийн сайдтай хийсэн уулзалтын дүнд “Мэдээллийн Технологийн салбарын Зүүн бүсийн чуулган”-ыг Хэнтий аймагт хийхээр төлөвлөж байгаа тухай дурдлаа. Аялал жуулчлалын салбарын хөгжилд IT салбарын инженерүүдийн мэргэжлийн ур чадвар өндөр ач холбогдолтойг хэлж, Зүүн бүсийн Дата центрийг Хэнтий аймагтаа байгуулахаар зорьж байгаагаа илэрхийлэв.

Энэ үеэр Төрийн Цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батжаргал “Аймгуудын Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр улсдаа 2 дугаарт эрэмбэлэгдэж, аймгийн хэмжээнд 30-аа мянган хүн И-Монголиа ашиглаж, хүн амын 80 гаруй хувь нь гар утасны хэрэглээтэй байгааг танилцуулж, Мэдээллийн технологийн салбарын ажилтнуудыг өсвөр наснаас нь бэлтгэх зорилготой “Хурдан” клубыг аймгийн Засаг даргын дэргэд нээн ажиллуулж, бүсийн чуулганы үеэр нээлтээ хийхээр төлөвлөж байна” гэв.  

Мөн ЗДТГ-ын Компьютерийн технологи, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат Shilen.gov.mn талаар мэдээлэл өгч, Төрийн байгууллагуудын 2025 оны 1 дүгээр улирлын тайлан мэдээ илгээх эрх нээгдсэнийг танилцуулав.