АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

2025.01.20
Үйл явдлын мэдээ

Аймгийн Онцгой комисс шинэ оны анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Хуралдаан 95 хувийн ирцтэй, 7 асуудал танилцуулагдаж, 3 асуудлыг хэлэлцлээ.  

Аймгийн Онцгой комиссын Орлогч дарга, ОБГ-ын дарга, Хурандаа Ж.Эрдэнэбат УОК-ын даргын 2025 оны “Ой хээрийн галт түймрээс сэргийлэх, тэмцэх, зарим арга хэмжээний тухай”   01 дүгээр албан даалгаварыг танилцууллаа. Үүнд: Гал түймэр унтраахад дайчлах гамшгаас хамгаалах  алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулан, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулах, Хавар, Намрын ид хуурайшилтын үед  хөдөлгөөнт эргүүл шалгалт хийх, шаардлагатай газар нутагт хяналтын цэг байгуулах, багаж хэрэгслийг бэлтгэх, нэмэлт хүч дайчлан  ажиллах үед бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах тусгай багийг эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагаас томилох бүх шатны Засаг дарга нар 03 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын  20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд хуурайшилтын “Аюултай”, “Нэн аюултай”  зэрэгт хүрсэн тохиолдолд ойн сангаас мод бэлтгэх,  нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах Захирамж гарган хэрэгжилтийг хангах зэргээр аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасныг танилцуулав.

Үүний хүрээнд аймгийн Онцгой Комисийн дарга Д.Аюурбунь “Хуурайшилт ихэсч гал түймрийн аюул гарах саруудад сонор сэрэмжээ өндөр байлгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг онцгойлон авч ажиллах, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хил залгаа аймгуудтай ажиллах уялдаа, харилцаа холбоог сайжруулах,  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үзлэгт  одооноос ач холбогдол өгч, мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, УОК-ын даргын 2025 оны “Ой хээрийн галт түймрээс сэргийлэх, тэмцэх, зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаварыг бүх сумдын Засаг дарга нарт хүргэж ажиллахыг үүрэг болгов.

Мөн ЕБС-ийн хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан Томуу, Томуу төст өвчний дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч шаардлагатай арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллахыг сануулав.

Түүнчлэн Аймгийн Онцгой комиссын Бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Хэнтий аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргыг нэмж оруулахаар санал оруулж, комиссын гишүүдийн 100 хувийн саналаар батлав.