Мэдээ мэдээлэл
ӨНДӨРХААН ТОХИЖИЛТЫН ГАЗАРТ 290 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2024 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 290 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зам талбайн цас цэвэрлэх зориулалттай БНХАУ-ын Улсын үйлдвэрийн LUYU брэндийн цоо шинэхэн техник хэрэгслүүдийг “Голден Порк” ХХК захиалгын гэрээний дагуу нийлүүлж Өндөрхаан хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. Үүнд: Авто ачигч болон цас цэвэрлэгээний Шүүрдэгч, Түрэгч, Хамагч 3 төрлийн хошуутай, Цас хайлуулах бодис цацагч төхөөрөмж, машин механизм гээд 20 гаруй тоног төхөөрөмж Чингис хотын зам талбайн цэвэрлэгээний ажилд ороход бэлэн боллоо.
Энхүү техник хэрэгслүүд нь Чингис хотынхоо өнгө үзэмж, гудамж талбайн цэвэр цэмцгэр байдалд чухал ач холбогдолтой төдийгүй том зам талбайг цэвэрлэхэд илүү амар хялбар, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн чухал хөрөнгө оруулалт болж байгааг Чингис хотын Захирагч Д.Эрдэнэбаатар хэлж байна. “2025 оны аймгийн төсөвт Хот тохижуулах чиглэлээр 350 сая төгрөг, Хэрлэн сумын төсөвт 200 сая төгрөгийг тусгуулсан бөгөөд дахин техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нэмэхээр төлөвлөлт хийж байна” гэв.