“ИХ ЦАГААН ШҮТЭЭН" ТУГИЙГ ЗАЛАХАД ШААРДАГДАХ ЗҮЙЛСИЙГ БЭЛТГЭЖ ХҮРГҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2025.01.14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингис хаан Үндэсний музейн Их Хаан хүндэтгэлийн өргөөнд зориулсан “Их цагаан шүтээн тугийг залах” арга хэмжээг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын Зөвлөх Г.Тайванжаргалаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголын ёс уламжлал, дэг жаягийн дагуу Төрийн баяр наадамд хурдалж, улс аймгийн хэмжээнд алдаршсан цагаан, цагаан шарга зүсмийн Азарганы дэл сүүл, Төрийн тахилгат уул овоо, тахилгат газрын шороо, чулуу болон тухайн нутаг дэвсгэрт урсдаг томоохон гол мөрнүүдээс эх аван урсдаг голын ус зэргийг бэлтгэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх ажлыг зохион байгуулж байна.  

Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлгийн, 12-р зүйлийн 1-д Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 4-т Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн хэмээн заажээ.