Мэдээ мэдээлэл
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО
Аймгийн Засаг даргын 2024 оны А/493 дугаар захирамжаар тус үзлэгийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Нарийн бичгийн даргаар ТЗУХ-ийн дарга Ч.Баярцолмон, ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Хошууч Б.Бат-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байна.
Улсын үзлэгтэй холбогдуулан ОБГ-аас 2 удаа урьдчилсан үзлэгийг зохион байгуулж, бэлтгэл хангаж байгаа бөгөөд энэ үеэр зарим мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний ирц, аранзны ирж бүрдэл хангалтгүй байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Аюурбунийн зүгээс хариуцлагатай, зохион байгуулалт сайтай оролцох үүрэг чиглэл өглөө.
Мөн маргааш буюу 2024.11.19-ний өглөө 09 цагт мэргэжлийн ангиудын баримт бичиг, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах бөгөөд үргэлжлүүлээд 11 цагт нэгдсэн цугларалт хийж, жагсаалын үзлэг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
МУ-ын Шадар сайдын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын Улсын үзлэг нь 10 жилийн дараа Хэнтий аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Хэнтий, Говьсүмбэр аймаг хамрагдаж байна. Үзлэгийг хэлбэрдэх биш агуулга талаас нь нарийвчлан шалгаж, гамшиг аваар, осол тохиолдсон нөхцөлд орон нутаг бэлэн байдлаа хэрхэн хангасныг онцгойлон шалгах юм.