Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
2024.06.06
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Дулааны станцын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Одоогийн байдлаар зуухны үндсэн барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын талбарт 50 гаруй хүн ажиллаж байна.
Гүйцэтгэгчийн зүгээс техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт сайн байгааг дурдлаа.
МУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд арван аймагт төвийн дулааны станц бүтээн байгуулах төсөл хэрэгжиж буй. Эдгээр аймгийн нэг нь манай аймаг. Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр “Хасу Мегаватт” компани ажиллаж байна.
Дулааны станц ашиглалтад орсноор хэрэглэгчид дулаан хангамжийн найдвартай эх үүсвэрээр хангагдаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна. Нүүрсний хэрэглээ 40-50% хүртэл, үнсний гаралт 25% хүртэл буурах юм. Мөн дулаан хангамжийн үйлдвэрлэлд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болохоос гадна 10,000 м дулааны шугамыг шинээр болон шинэчлэн өргөтгөх ажил хийгдэнэ.