“АСУУДЛААС ШИЙДЭЛД” ТЭМЦЭЭНИЙ ХҮРЭЭНД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР НЭГ АЛБАН ХААГЧИЙНХАА НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024.05.06
Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор төрийн 190 орчим байгууллагуудын дунд “Асуудлаас шийдэлд” тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хүрээнд байгууллагууд төрийн үйлчилгээг хүргэхэд тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэхээс гадна нэг албан хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан.
Үүний дагуу аймгийн Цагдаагийн газрын хамт олон Харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Гантогтохын гэр бүлд газар, дөрвөн тал хашаа, эко нойл, 5х7 харьцаатай мансардтай дүнзэн байшин барьж, түлхүүрийг нь гардуулан өглөө.
Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хамт олон бие бүрэлдэхүүнээрээ гар бие оролцож, аж ахуйн аргаар, өөрсдийн гараар 10 хоногийн хугацаанд барьж ашиглалтад оруулжээ.
Ж.Гантогтох нь гурван жил цагдаагийн албанд зүтгэж байгаа бөгөөд эхнэр охины хамт амьдардаг залуу гэр бүл юм. Тэрбээр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, хамт олныхоо дунд нэр хүндтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй зэрэг олон давуу талуудыг нь харгалзан үзэж ийнхүү сонгожээ.