Мэдээ мэдээлэл
2019-2023 ОНД НИЙТ 2961 ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЖЭЭ
2024.05.02
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагваар ахлуулсан ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хуулийг даган гарсан дүрэм журмын талаар сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нармандах Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь сэдвээр Хэнтий аймгийн нийт төрийн албан хаагчдад илтгэл тавьсан юм.
Төрийн албан хаагчийн Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн 5 гишүүн, орон тооны бус 4, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд Ёс зүйн хорооны орон тооны бус 4 гишүүнийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо томилж, чөлөөлдөг. Ёс зүйн хорооны даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бизнесийн удирдлагын магистр, Төрийн удирдлагын магистр Ц.Амартөгс ажилладаг. Монгол Улсын хэмжээнд 2019-2023 онд нийт 2961 ёс зүйн зөвлөл байгуулагдан ажилласан бөгөөд энэ хугацаанд нийт 2474 ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Мөн ёс зүйн чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх ажилд 107.620 албан хаагчийг хамруулсан байна.
Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд төрийн байгууллагын ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд анхаарах хэд хэдэн асуудлыг танилцуулсан юм. Үүнд:
• Салбар, байгууллагын албан хаагчдад ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг жилд 2-оос доошгүй удаа, шинээр томилогдсон албан хаагчдад 8 цагийн сургалт зохион байгуулах;
• Бие даасан, хараат бус байдлаар ажиллах, дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх;
• Гишүүн дангаараа гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэхгүй байх;
• Зөвхөн албаны цахим шуудан ашиглан мэдээлэл хүргэх;
• Ёс зүйн зөрчил үүсэх нөхцөл, шалтгаан, эрсдэлийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх;
• Гомдол, мэдээллийг хянан шалгахдаа холбогдох хууль тогтоомж болон журамд заасан хугацааг баримталж ажиллах;
• Ёс зүйн зөрчлийг хянаж, шалгасан тухай мэдээллийн сан үүсгэж, тайланг Ёс зүйн хороонд ирүүлэхийг анхаарууллаа.