ХАЧГААР ДАМЖДАГ ХАЛДВАРУУДААС СЭРГИЙЛЬЕ

2024.04.23
Хачгаар дамжин халдварладаг 30 орчим өвчлөл байдаг. Халдвартай хачиг цус сорох үед нян, вирус, эгэлбиетэн, мөөнгөнцөр, риккетси хүн, мал амьтанд дамжин өвчин үүсгэдэг. Монгол орны 16 аймаг 59 сум, Улаанбаатар хотын 8 дүүрэгт хачигт халдварын голомттой, 2005 оноос хойш хачигт энцефалит, хачигт риккетсиоз, хачигт боррелиозын хүний өвчлөлийг албан ёсоор бүртгэж эхэлсэн. Хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг нь мод ихтэй бүс нутагт, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархсан байдаг.
Хэнтий аймагт Баян-Адаргаас бусад ой мод бүхий суманд хачигт энцефалитын дамжуулагч I.pеrsulcatus хачгийн тархалттай ба риккетсиоз өвчнийг дамжуулагч D.nutalli хачгийн тархалт ихэнх суманд байдаг болох нь ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хийсэн хамтарсан шинжилгээгээр тогтоогдсон. 2020-2021 оны тандал шинжилгээгээр Хэрлэн, Мөрөн сум орчмоос цуглуулсан хачгийн сорьцонд лабораторийн шинжилгээгээр 100% риккетсиозын үүсгэгч илэрсэн. Хачгаар дамжих халдвар нь улиралчлалын хувьд IV-VIII сар хүртэл хамгийн идэвхтэй, IX-X сар хүртэл цөөн тоогоор тасралтгүй бүртгэгдсээр байдаг. Зоонозын халдварын хүний өвчний дуудлагын 80 гаруй хувийг хачигт халдвар эзэлдэг. Манай аймагт жил бүр хачгаар дамжих халдварын сэжигтэй 20 орчим дуудлага бүртгэгддэг ба ихэнх нь төв суурин газарт оршин суух иргэд байна. Иймээс дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
1. Төв суурин газарт ч хачиг буух эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж малгай өмсөх, ялангуяа бага насны хүүхдийн толгой, биенд хачиг буусан эсэхийг шалгаж байх
2. Ой мод ихтэй газар, малд явахдаа малгайтай цамц, битүү хувцас өмсөх
3. 2-3 цаг тутам биедээ хачиг байгаа эсэхийг шалгах
4. Хачиг дайжуулагч бүтээгдэхүүн хэрэглэх
5. Хачигт хазуулсан үед хачгийг биеэс зөв салгах
6. Ой мод бүхий газар ажилладаг болон удаан хугацаагаар зорчих бол хачигт энцефалитаас сэргийлэх вакцин, эсрэг бие хийлгэх
Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв