Мэдээ мэдээлэл
ДАДАЛ СУМ МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМААР ШАЛГАРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
2024.06.11
Бид хан хэнтийнхэн
Монгол Улсын Засгийн газрын 234 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Дадал сумыг “Монгол улсын тэргүүний сум”-аар шалгаруулж, туг, гэрчилгээ, мөнгөн шагналыг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр хүндэтгэлтэйгээр гардуулав. Ингэснээр Хэнтий аймгаас 3 дах Улсын тэргүүний сум тодорч байгаа нь энэ юм.
Хэнтий аймгийн Дадал сум нь 1923 онд үүсэн байгуулагдсан, Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн 4 баг, 987 өрхийн 3,179 хүн ам оршин суудаг. Yүнээс 61,З хувийг 0-35 насны хүүхэд залуучууд эзэлж байна.
Өнгөрсөн 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 49,118 толгой мал тооллуулсан ба адуу 9,821, үхэр 21,972, хонь 10,262, ямаа 7,063 тус тус тоологдсон. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар, эдийн засгийн гол хөшүүрэг болсон үхэр cүpэг 2023 оны мөн үеийнхээс 1,421 толгойгоор өсөж 21,972 болсон нь сумын нийт мал сүргийн 45%-ийг эзлэж малчдын орлого нэмэгдэх үндэс болж байна.
2023 онд 6,1 сая литр cүү сааж, 610,0 мянган л цөцгий, 369,5 мянган кг аарц, 168 кг ааруул, 6,9 тн цөцгийн тос боловсруулан зах зээлд борлуулж 2,2 тэрбум төгрөг, махнаас 314 өрх 62,800 кг мах махан бүтээгдэхүүн бэлтгэж, 753,9 сая нийт 3,1 тэрбум төгрөгийн ашиг орлоготой ажиллаж сумын нийт орлогын 70-80 хувийг хөдөө аж ахуй тэр тусмаа мал аж ахуйн салбараас бүрдүүлж байна.
Дадал сумын мах-сүүний хосолмол ашиг шимт үхэр 12 жилийн судалгааны үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/572 дугаар тушаалаар Монгол Улсын үхрийн 5 дахь бие даасан, Хэнтий аймгийн хэмжээнд анхны үхрийн үүлдрээр баталгаажсан.
Тогтвортой аялал жуулчлалын хөгжүүлэх төсөл"-ийн хөрөнгөөр "Хөрш бүл-I, II айл өрхийг хашаажуулах төсөл" 2022 онд нийт 189.0 сая төгрөг, сумын төвд хог ангилан ялгах сав байрлуулахад 25.0 сая төгрөг, аялагчдын "Отоглох хоноглох" цэг байгуулахад 2022 онд 54.0 сая төгрөг зарцуулсан бол 2023-2025 онд Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор, аялал, жуулчлалын мэдээллийн төв байгуулах 19 сая ам долларын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөн ажлаа эхлүүлсэн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нутгийн удирдлагын ордон, ЕБС-ийн дотуур байр, нэгдсэн халаалтын зуух, дулаан, цэвэр усны шугам сүлжээ, 100 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, 35 КВТ-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл, цэвэрлэх байгууламж ариутгах татуурга ашиглалтад орсон бол, “Дэлүүн болдог” нисэх буудал, хог хаягдлын ландфиллын байгууламжийн ажил 2024 онд дуусгахаар төлөвлөгдсөн.
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн их засварт 2020 онд 30.0 сая төгрөг, ЗДТГ-ын тавилга, их засварт 2021 онд 30.0 сая төгрөг, орон нутгийн судлах музейн засварт 2022 онд 25.0 сая төгрөг, сумын төвийн камержуулалтад 100.0 сая төгрөг, спорт цогцолборын гадна тохижилтод 2023 онд 117.0 сая төгрөг зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн хөгжлийн сангийн 410.0 сая төгрөгийн хөрөнгөөр 15 төсөл арга хэмжээг санхүүжүүлжээ.