ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

2024.02.26
Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар зудын нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвс тэжээлийн нөөц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Шийдвэрүүдээс дурдвал,
-Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний 62 дугаар тогтоол гарсантай холбогдуулан аймгийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв.
-Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн зарим сумдад ХХААХҮЯ-ны харъя Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгож байгаа 750 тонн тэжээлийн буудайг сумдын зудын үнэлгээнд үндэслэн хуваарилахаар шийдвэрлэлээ. Тус тэжээлийн буудайг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дайчлан шуудайлах ажлыг хийж гүйцэтгэнэ. Сумдууд батлагдсан хуваарийн дагуу аймгийн төвөөс ирж авах юм. Мөн Улсын онцгой комиссоос 100 тонн хивгийг найман суманд хуваарилан үнэ төлбөргүй олгож байна.
-Сумдад нэн шаардлагатай байгаа өвс тэжээл тээвэрлэх зам гаргах маршрут, автомашины тооцоо судалгаа гаргаж ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 302.2 мянган толгой мал зүй бусаар хорогдоод байгаа бөгөөд энэ нь нийт малын 6.8 хувийг эзэлж байна. Өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгийн Матад сумаас 25 мянган боодол өвс худалдан авахаар гэрээлсэн. Өнөөдрийн байдлаар 21.4 мянган боодол өвсийг татан авч 17 суманд олгосон бөгөөд дахин ирэх өвсийг Хэрлэнбаян-Улаан тосгон, Дэлгэрхаан, Бор-Өндөр суманд олгоно.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын хувьд ирэх гуравдугаар сарын 07, 08-наас нааш дулаарахгүй бөгөөд энэ сарын 25, 26-нд Галшар, Хэрлэн, Дархан, Өмнөдэлгэр зэрэг суманд цас орох төлөвтэй байна. Зудын үнэлгээгээр одоогийн байдлаар Галшар, Дархан, Баянмөнх гэсэн гурван сум төмөр зудтай байгаа юм.