БАТНОРОВ СУМАНД 4,5 ТН ХИВЭГ, 75 ТН ТЭЖЭЭЛИЙН БУДАА, 10 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ

2024.02.21
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Улс, аймгийн Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Батноров суманд ажиллаж байна.
Батноров сум нь 5733 хүн амтай, 328665 толгой малтай. 8 суманд 36 малчин өрхийн 25874 мал оторлож байна. Тус суманд 2023 оны 11-р сараас эхлээд 30-аад удаагийн их бага давтамжтайгаар цас орж өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн цасан бүрхүүлийн дундаж зузаан 15-20 см, хунгарласан газраа цасны зузаан 30-35 см, цагаан зудын нөхцөл байдалтай байна. Одоогийн байдлаар 14,377 мал хорогдсон дүн мэдээтэй байгаа талаар сумын Засаг дарга Б.Жавхланбаяр танилцууллаа.
Түүнчлэн сумын Онцгой комиссын зүгээс зам даваа хаагдсан 7 багийн 134 өрхийг холбосон 546 км зам гаргаж, отроор болон суурин өвөлжиж байгаа 51 өрхөд эрүүл мэндийн болон хүнсний тусламж үзүүлжээ. Мөн малчдад 1000 боодол өвсийг 20%-н хөнгөлөлттэй үнээр борлуулснаас гадна Малчдадаа туслах хандивын аян өрнүүлж 10 гаруй сая төгрөг бүрдүүлж, газар тариалангийн компанийн тракторыг дайчлан зам нээх ажлыг эхлүүлсэн байна.
Харин өнгөрсөн хугацаанд тус сумын малчдад Улс аймгийн Онцгой комиссын зүгээс 320 шуудай хивэг, 53 шуудай хорголжин хивгийг хөнгөлөлттэй үнээр олгосноос гадна улсын нөөцөөс 1000 боодол өвс, сумын аюулгүй нөөцөөс 1000 боодол өвсийг тус бүр багуудад хуваарилан олгожээ.
Энэ удаад Улсын Онцгой комиссоос 45 өрхөд 4,5 тн хивэг, аймгийн Онцгой комиссоос 20 хүнсний багц олгосноос гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлахаар болсон бөгөөд үүнээс Батноров, Баян-Овоо, Баян-Адарга, Норовлин сумд болон Бэрх тосгонд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Засгийн газар, УОК-оос Хэнтий аймагт 750 тонн тэжээлийн будаа хуваарилсан бөгөөд үүний тээврийн зардал болох 140 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэж сумдад хуваарийн дагуу олгогдохоор болсон. Үүнээс Батноров суманд 75 тн тэжээлийн будаа олгоно.