ЖАРГАЛТХААН СУМЫН “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2024.02.06
Модон луу жилийн сар шинийн босгон дээр Жаргалтхаан сумаас “Аймгийн аварга малчин өрх”-өөр Гичгэнэ багийн малчин Шагдарын Баатархуяг, Баян-Эрдэнэ багийн малчин
Дамдинжавын Ганчулуун нар тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа. Шагналыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
Аймгийн аварга малчин болсон Шагдарын Баатархуягийн хувьд 39 дэх жилдээ мал маллаж, өөрийн арга туршлагаа залуу үедээ өвлүүлэн сургахын зэрэгцээ 1 өрхийг 200 толгой малаар малжуулжээ. Тэрбээр 2016 онд “Сумын сайн малчин”, 2022 онд “Мянгат малчин”-аар тус тус шалгарч байсан бол одоо аймгийн аварга хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо.
Харин Дамдинжавын Ганчулуун нь төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж 2013 онд “Мянгат малчин”, 2014 онд “Сумын сайн малчин”, 2015 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”-аар тус тус шагнуулж байжээ. Мөн л 35 жил мал малласны зэрэгцээ 2 өрхийг 288 тоо толгой малаар малжуулж бусдын амьдралд ч хувь нэмрээ оруулж яваа аймгийн тэргүүний малчдын нэг юм.