Мэдээ мэдээлэл
ДАДАЛ СУМЫН "АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН", "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" ӨРХҮҮДЭД ЦОЛ ТЭМДЭГ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
2024.02.06
XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн босгон дээр Дадал сумын малчин Б.Очирбат, А.Болор-Эрдэнэ нар "Аймгийн аварга малчин" өрхөөр, Агац багийн малчин О.Болормаа, Онон багийн малчин Цэрэндашийн Баярмаа нар "Аймгийн аварга саальчин"-аар тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, сум орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.
Тус сумын Онон багийн малчин Базарсадын Очирбат нь мал аж ахуйн салбарт тасралтгүй 40 жил хөдөлмөрлөж байгаа бөгөөд 2019 онд "Сумын аварга малчин" цол хүртжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр өрхийг малжуулан сум орон нутагтаа хувь нэмэр оруулж залуу малчдад үлгэр дууриалал болсон Б.Очирбатын гэр бүл одоо "Аймгийн аварга малчин" цол хүртээд байна.
Харин Балж багийн малчин Адъяагийн Болор-Эрдэнэ 27 дахь жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд сум орон нутагтаа хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр өрхийг малжуулаад байна. Тэрбээр 2018 онд "Сумын аварга малчин"-аар тодорч байсан бол өдгөө амжилтаа ахиулан "Аймгийн аварга малчин" цол хүртлээ.
Онон багийн саальчин Цэрэндашийн Баярмаа нь 23 жил мал аж ахуй эрхэлж 2015 онд "Сумын аварга малчин", 2016 онд "Аймгийн аварга малчин"-аар шалгарчээ. Тэрбээр жилд 87.9 мянган литр сүү сааж 7.7 тонн цагаан идээ бэлтгэдэг аж.
Харин Агац багийн саальчин Очирхуягийн Болормаа нь 23 жил мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2017 онд "Аймгийн аварга малчин", 2020 онд "Сумын аварга саальчин", 2023 онд Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртжээ. Тэрбээр жилд 72.5-86.9 мянган литр сүү сааж 5.7 тонн цагаан идээ бэлтгэдэг байна. Тэд ийнхүү амжилтаа ахиулан Модон луу жилийн босгон дээр "Аймгийн аварга саальчин" цол хүртлээ.