Мэдээ мэдээлэл
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2024.01.11
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.01.11/ шинэ оны анхны хурлаа хийлээ. Хуралдаанаар УЦУОШТ, Нэгдсэн эмнэлэг, Хэрлэн сумын ЗДТГ, ТЗУХ-ээс тус тус мэдээлэл хийсэн юм. Үүнд:
УЦУОШТ-ийн дарга Б.Хэрлэнчимэг: Дадал сумаас бусад сумд зудын нөхцөлд байна. Үүнээс Галшар, Дархан, Баян-Овоо сумд цагаан зудтай. Ойрын хугацаанд цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж цасны нягт нэмэгдвэл дээрх сумд төмөр зудруу орох магадлалтай байна. Нутгийн өмнөд хэсгээр бага хэмжээний цас орж энэ сарын 20 хүртэл явган цасан шуурга үргэлжилж, салхины хурд 6-11, зарим тохиолдолд 1-14 м/с хүрнэ. 1 сарын 13-20-нд шөнөдөө уул, голын хөндийгөөр 30-34 градус, тал хээрийн нутгаар 26-30 градус хүйтэрнэ. 1 сарын 20-ны өдрөөс хүйтний эрч бага зэрэг суларна.
----------------------
Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Бадамсүрэн: улирлын чанартай томуу, томуу төст өвчин өнгөрсөн 7 хоногт харьцангуй их байсан бол энэ 7 хоногт буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасаг 28 хүүхэдтэй, дотрын тасаг 30 хүнтэй, үүний 13 нь амьсгалын замын эмгэгүүд байгаа юм. Насанд хүрэгчдийн хатгалгаа хүнд хэлбэрээр явагдаж байна.
----------------------------
Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Л.Наранбат: Байгууллагуудыг ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэх тухай Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын даргын албан шаардлагыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад 2 удаа хүргүүлсэн. Өндөрхаан хот тохижилт 7 тн давс, 20 тн дайрга, 8 тонн бодис зам дээр цацсан бол одоо 7 тн бодис, 80 тн дайрганы нөөцтэй байна. Хот тохижилтын 13 ажилтан зам талбай дээр ажиллаж байна.
Мөн ТЗУХ-ийн дарга Ч.Баярцолмон байгууллагын дарга нарын ажлын хэсгийн хуралдаанд оролцсон ирцийн мэдээллийг хүргэснээс гадна салбарын сайдуудтай хийх цахим уулзалтын хуваарийг танилцуулсан юм.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгснөөс гадна байгууллага бүр 1 шинэлэг ажил санаачилж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, байгууллагууд ойр орчмынхоо цасаа цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл өглөө. Мөн оны эхэнд байгууллагуудаар очиж албан хаагчидтай уулзалт хийж санал хүсэлтийг нь хүлээн авахаар болсноо танилцуулсан юм.