Мэдээ мэдээлэл
ӨВС ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ МАЛЧДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2024.01.05
Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан сумдаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээ авахад бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Шуурхай штаб” байгуулсан. Тэгвэл тус штаб өчигдөр буюу энэ сарын 04-нд сумдын Засаг дарга нартай цахимаар хуралдаж өвс тэжээлийн нөөц, нөхөн хангалт, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.
Тодруулбал, ДЗМОУБ-аас өнгөрсөн жил олгосон 850 шуудай Хорголжин тэжээлийг сумдад хуваарилж нийт 180 өрхөд олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, нэг сумын 10-11 өрхөд тус бүр 5-6 шуудай ногдох юм. Сумдын онцгой комиссоос тэжээл олгох өрхийн тоог ирүүлнэ. Харин Улсын нөөцөд байгаа өвс тэжээлээс манай аймагт 60 тонн хивэг хуваарилагдаж байгаа бөгөөд уг хивгийг мөн сумдад хуваарилж малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр /1 шуудай нь 12 мянган төгрөг/ олгоно. Мөн аймаг орон нутгийн зүгээс Дорнод аймгийн Мэнэнгийн талаас өвс татан авах ажлыг зохион байгуулж байна. Иймд сумдууд хэчнээн тооны өвс худалдан авах тухай тооцооллоо ирүүлэхийг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.