“БОР-ӨНДӨР” УУЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

2023.12.25
Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 101 жил, “Монголросцветмет” ТӨҮГ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг 2023.12.26-ны өдөр Бор-Өндөр суманд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож, “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдадаа баярын мэнд дэвшүүлсэн юм. Монголросцветмет ТӨҮГ болон Бор-Өндөрийн УБҮ 50 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 40 гаруй жилийг нь Орос, Монголын хамтарсан үйлдвэр хэлбэрээр Орос мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) болон Бор-Өндөр хотыг барьж байгуулсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр ТӨҮГ-ын статустайгаар 100 хувь Монгол ажилчид энэхүү үйлдвэрээ бүрэн дүүрэн авч явж байна гэдгээрээ онцлогтой.
Энэ жил УБҮ-ийн хувьд уурхайн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хүчин чадал сайтай экскаватор Liebkherr-9100, SUNWARD маркийн өрөмдлөгийн техникүүд, 60 тн-ын даацтай Terex-60 маркийн карьерын авто самосвалууд, бульдозерууд, ТЭМ-2У 9178 маркийн сэлгээний зүтгүүр гэх мэт олон арван техник тоног төхөөрөмжийг худалдан авснаас гадна баяжуулах үйлдвэрийн тээрмүүд болон бусад тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлжээ. Мөн ТӨҮГ-аас хөнгөлөлттэй үнээр ажилчдыг орон сууцаар хангах, Баргилтын Office-ийн барилга, ЗЦД-ийн 100 гаруй ажилчдын амрах байрыг шинээр барьж ашиглалтад оруулж, УБҮ-ийн ажилчдын душны засвар, тохижилтын ажил зэрэг ажилчдын ажиллаж амьдрах нөхцөл боломжийг дээшлүүлсэн олон ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна энэ жилийг Монголросцветмет ТӨҮГ-ын 50 жилийн ойн жил болгон зарлаж ажилчид руугаа чиглэсэн ажил мэргэжлийн болон спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсанд ажилчид маань сэтгэл ханамжтайгаас гадна байгууллагадаа итгэх итгэл, урам зориг нэмсэн ажлууд байлаа. Хэдийгээр вагоны олдоц ховор, сэлбэг бараа материалын үнэ өссөн, дизель түлш тасалдалтай, тог цахилгааны хангамж хязгаарлалттай байгаа ч гэсэн манай УБҮ-ийн хамт олон Улсын өмнө болон ТӨҮГ-ынхаа өмнө хүлээсэн үүргээ бүх үзүүлэлтээр ханган биелүүлсэн амжилттайгаар 50 жилийн ойдоо бэлэг барьж байна. Ингээд “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлага, хамт олон болон Шижир-Алт АҮ-ийн хамт олондоо, УБҮ-ийн үе үеийн уурхайчдадаа, ахмадууддаа, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт ажилтан ажиллагсдадаа, тэдний гэр бүлд, нийт Бор-Өндөрчүүдэд “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсье.