УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС СТАНДАРТАД НИЙЦСЭН БАЙРТАЙ БОЛЛОО

2023.12.22
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Улсын бүртгэлийн хэлтсийн шинэ байртай танилцлаа. Улсын бүртгэлийн хэлтэст 92.0 мянган иргэний хувийн хэрэг, эд хөрөнгийн 29649 хувийн хэрэг, 2800 хуулийн этгээдийн эх нотлох цаасан хувийн хэргийн материалууд хадгалдаг.
Тус хэлтэс нь АЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд орчин нөхцөл нь хангалтгүй байснаас гадна архивын баримт материалаа хадгалах боломжгүй байсан юм.
Тиймээс 2022 оноос эхлэн улсын төсвийн 1,3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр шинэ барилгын ажил эхлүүлж, хэдхэн хоногийн өмнө ашиглалтад ороод байгаа юм. Тус барилгыг "Мандалт констракшн" ХХК барьсан бөгөөд 938 м/кв зоорины давхартайгаа нийлээд дөрвөн давхар барилга. Иргэд, байгууллагын нэн чухал баримт бичгийг хадгалж хамгаалж байгаа гэдэг утгаар нь аймгийн Засаг даргын зүгээс 40 сая төгрөг шийдвэрлэж архивын стандартын шаардлагад нийцсэн нягтаршуулсан шүүгээгээр хангаснаас гадна “Зөгийн үүр” хөтөлбөрөөр тус байгууллагын 13 албан хаагчийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлжээ.
Мөн энэ үеэр албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 7-8 сая төгрөгийн үнэ бүхий компьютер тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо.