ХОТ ТОХИЖИЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

2023.12.20
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ-ын ажилтан албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар товч мэдээлэл өгсний зэрэгцээ халуунд халж, хүйтэнд хөрж цаг наргүй ажилладаг хот тохижилтын албан хаагчдадаа талархал илэрхийллээ.
"Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ нь зам талбай, ногоон байгууламж, хог хаягдал, засвар үйлчилгээ хариуцсан 4 тасаг, 75 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.
Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, гэрэлтүүлэг, зам талбайн ажлууд нэмэгдэхийн хэрээр хот тохижилтын ажилтнуудын ажлын ачаалал нэмэгдсээр байдаг. Тиймээс орон нутгийн зүгээс ажиллах нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ирэх оны төсөвт 300 орчим сая төгрөг тусгаж орчин үеийн шаардлагад нийцсэн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөөд байна.
Мөн 24 хүний суудалтай 2 автобус авч нийтийн тээвэрт нэмэлтээр явуулахаас гадна ирэх онд хоггүй, ногоон сум болох зорилт тавьж нэлээдгүй ажлуудыг төлөвлөсөн талаараа аймгийн Засаг дарга танилцууллаа.
Дашрамд дуулгахад ирэх оны 1 дүгээр сараас эхлэн орон нутгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан хот тохижилтын албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн бол, 4 дүгээр сараас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 20 хувь нэмэгдэнэ.