ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР УЛААНБААТАР ХОТООС ЧИНГИС ХОТ ЧИГЛЭЛИЙН ЭВДРЭЛ ИХТЭЙ 56 КМ АВТОЗАМЫГ БҮРЭН ШИНЭЧЛЭНЭ

2023.11.13
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийг 9 аймагт хэрэгжүүлэхээр болсон юм. Үүнд Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн эвдрэл ихтэй 311 км зам, найман байршилд төмөрбетон гүүрийн ээлжит болон их засвар хийхээр болжээ.
Энэхүү асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Дэлхийн банкны ЗӨАБН-ийн Тээврийн салбарын захирал Л.Ж.Эйбэрген тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Чингис хотод хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж санал солилцлоо.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотоос Чингис хот чиглэлийн 56 км авто замыг дахин шинэчилэхээр шийдвэрлэсэн бол Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын 50км буюу “Тамын 50” гэж нэрлэгддэг авто замд их засвар хийх шаардлага байгаа эсэх талаар газар дээр нь танилцахаар зорьлоо.
Энэхүү төсөл нь эдийн засгийг эргэлтэд оруулахад дэмжлэг болох авто замыг барих, шинэчлэх, түүгээр дамжуулан ХАА тэр дундаа махны нэмүү өртгийн сүлжээний зориулалттай төрөлжсөн логистикийг хөгжүүлэхэд шаардлагатай инженерийн бусад дэд бүтцийг бий болгох зорилготой юм.