ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ОРОН НУТАГТ ЭРЧИМЖҮҮЛЭХ, “ЦАХИМ АЙМАГ” БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ, СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ АРГА ХЭМЖЭЭ ХЭНТИЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2023.08.14
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан.
Уг зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын 2023 оны 07 дугаар сарын 18-ны А/66 тушаалаар байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох E-Mongolia академын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Хэнтий аймагт өнөөдөр (2023.08.14) ажиллаж, төрийн 10 гаруй байгууллагын 60 орчим албан хаагчдад цахим багц хууль болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа.
“Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь орон нутгийн цахимжилтын үйл явцыг зөв төлөвлөж удирдах, хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхэд нэгдсэн хандлага, арга зүйг бий болгох зорилготой юм.