МЭНДЧИЛГЭЭ

2023.05.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийнхаа сан хөмрөгийг арвижуулах үйлсэд хүчин зүтгэж, татвар төлөх, тайлагнах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Та бүхэндээ “Монголын татвар төлөгчдийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.
Монгол улсын ЗГ-ын шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногт “Монголын татвар төлөгчдийн өдөр”-үүдийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ удаад өдрүүдэд “Цахимаар үйлчлүүлье” уриан дор 24 дэх жилээ тэмдэглэж байна. 2022 онд иргэд, ААН-үүд маань улс, орон нутгийн төсөвт 29 тэрбум 836,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж, улс орон нутгийнхаа хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс суурийг бэхжүүлж байна. Татварын албанаас 2022 онд “Цахим татварын алба” болох үндсэн зорилтоо хэрэгжүүлж дуусган татвар төлөгчийг бүртгэх, татварын тайлангаа илгээх, татвараа төлөх зэрэг иргэдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ цахимжсан нь татвар төлөгчдийн цаг зав, хөрөнгө, мөнгийг хэмнэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
“Цахимаар үйлчлүүлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойтой холбогдуулан аж ахуйн нэгж, иргэн бүр хуулиар ногдуулсан татвараа төлж аймаг орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаад дахин талархал илэрхийлье.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав