АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ БАЯНМӨНХ СУМАНД АЖИЛЛАЛАА

2023.04.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.04.20) Баянмөнх суманд ажиллаж, тус сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцан иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар 2023 онд хэрэгжүүлэхээр тусгасан томоохон ажил, арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар болон аймгийн 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Тус сумын Эрүүл мэндийн төв нь хэвтэн эмчлүүлэх найман ортой бөгөөд үзлэг оношилгоо, сэргээн засах, өдрийн эмчилгээ, гэрээр эмчилгээ хийх зэрэг дөрвөн төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоогоор цус, шээсний ерөнхий шинжилгээний болон биохимийн аппарат авах шаардлагатай байгаа аж. Ингэснээр гүйцэтгэлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжтойгоос гадна иргэд энэ төрлийн шинжилгээгээ сумандаа өгөх боломж бүрдэх юм. Нийт зургаан сувилагч, хоёр их эмчтэй бөгөөд эхоны их эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, шүдний эмчийн дутагдалтай байна.
Харин цэцэрлэгийн хувьд таван бүлэг 124 хүүхэдтэй, 18 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тул тогооч нар нь талх нарийн боов хийдэг байна. Эцэг эхчүүдийн дунд хүүхдүүдэд нь ямар хоол цай өгч буй талаараа танилцуулах хоолны өдөрлөг хийсэн нь эцэг эхчүүдэд маш таалагдсан талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Гангантөгс ярьсан юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 15 анги, 310 сурагчтай бөгөөд сургуулийн дотуур байранд 67 хүүхэд байрлаж байна. Анги дүүргэлтийн хувьд нэг ангид 25-30 хүүхэд суралцаж байгаа бөгөөд ирэх намраас бага ангийн бүлэг нэгээр нэмэгдэж 10 бүлэгтэй болох юм байна. Тус сургуульд 2019 онд 200 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийгдсэн тул анги танхим дулаан тохилог байгааг сургуулийн багш нар хэллээ. Мөн өнгөрсөн 2022 оноос сургуулиа Төрийн соёрхолт гавьяат эмч М.Амбага докторын нэрэмжит болгожээ.