ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 9 ИРГЭН НАС БАРЖ, 18 ИРГЭН ГЭМТЖЭЭ

2023.04.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн ИТХ-ын 2022 оны 01 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аймгийн дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, нарийн бичгийн даргаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, гишүүдээр холбогдох хэлтсийн дарга, агентлаг байгууллагын дарга нар ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын 2022 оны 01 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аймгийн дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, нарийн бичгийн даргаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, гишүүдээр холбогдох хэлтсийн дарга, агентлаг байгууллагын дарга нар ажиллаж байна.
Энэхүү зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийж 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
2023 оны 1 дүгээр улирлын байдлаар Хэнтий аймгийн цагдаагийн газар иргэд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн зам тээврийн ослын шинжтэй 58 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 24,1 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 45.9 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаныг 2022 оны мөн үетэй харьцуулбал нийт 29 гомдол, мэдээлэл буюу -33.3%-иар буурсан, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 10 буюу +3,5 дахин өссөн, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 39 буюу -46,9%-иар буурсан үзүүлэлттэй байна. Ослын хэлбэрийн дийлэнх нь онхолдсон, мөргөлдсөн бөгөөд энэ төрлийн ослоор 9 иргэн нас барж, 18 иргэн гэмтжээ.
Ажлын хэсгийнхний зүгээс осол гэмтлийн шалтгаан нөхцөлийг замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх зэргээс гадна авто замын эвдрэл гэмтэл, замын тэмдэг тэмдэглээ хангалтгүй байгаагаас үүсч байна гэж үзлээ. Тиймээс Улсын чанартай болон Орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын эвдрэл, нүх, ан цавыг нөхөх, засварлах, тэмдэг, тэмдэглээг сайжруулах, мэдээллийн самбар байршуулах, зам тээврийн осол давтамжтайгаар гардаг цэгүүдэд жолоочийн нойр сэргээгч дэржгэнүүрүүдийг хийлгэх, жолооч нарын дунд хариуцлагатай жолооч, хар хайрцаг аяныг зохион байгуулах гэх мэт байгууллага бүр өөрсдийн хийх ажлуудаа төлөвлөгөөнд оруулж, эргэн танилцуулахаар боллоо.
Мөн Хэрлэн сумын стандартын бус хурд сааруулагчдийг хусах, ажлын хэсэг гаргаж замын эвдрэл гэмтлийн хэмжээг тогтоож, шаардлагатай засвар үйлчилгээний хөрөнгийг ээлж дараатайгаар шийдвэрлэхээр болсон юм.