“МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022.11.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо (МХХДБҮХ)-ноос иргэдийг ажлын байраар хангах замаар хоггүй аймаг болох зорилт бүхий “Хэнтий аймгийн хог хаягдлын менежментийн төсөл”-ийг аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт танилцуулж, санал болгов.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо (МХХДБҮХ)-ноос иргэдийг ажлын байраар хангах замаар хоггүй аймаг болох зорилт бүхий “Хэнтий аймгийн хог хаягдлын менежментийн төсөл”-ийг аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт танилцуулж, санал болгов. Мөн улсын хэмжээнд болон орон нутагт дахивар хог хаягдлаа хэрхэн дахин боловсруулдаг, хэчнээн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг, жилд хэчнээн сая тонн хог хаягдал булдаг зэрэг мэдээллийг танилцууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав (МХХДБҮХ)-ны тэргүүн Д.Батжаргалтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан юм.
Төслийн саналын тухайд хоёрдогч түүхий эд авах цэгийг таван суманд байгуулан хог хаягдлаа нэг дор төвлөрүүлж Улаанбаатар хотын дахивар нөөцийн төвд шилжүүлэх замаар менежмент хийх аж. Уг төслийн анхны хөрөнгө оруулалт 685 сая төгрөг байх бөгөөд борлуулалтын орлого жилд 1.2 тэрбум, цэвэр ашиг жилд 271 сая төгрөг байхаар тооцжээ. Хоёрдогч түүхий эд авах цэг байгуулснаар нэг суманд жолооч 1, ахлагч 1, ачигч 2 гэсэн нийт 4 ажлын байрыг шинээр бий болгоно гэж үзэж байгаа юм байна. Дахин боловсруулалтын хувьд дээрх замаар менежмент хийх боломжтой гэж тооцож байгаа бол аюултай хог хаягдлыг Итали Улсад үйлдвэрлэсэн Ижтел (IZHTEL)-2000 зуух ашиглан устгах боломжтойг санал болгов. Уг зуух нь 1200 градуст бүх төрлийн хог хаягдлыг шатаах бөгөөд дизель түлшний хамгийн бага хэрэглээтэйгээс гадна бүрэн автомат удирдлагын функцтэй аж.
Манай улсын хувьд жилд 3.4 сая тонн хог хаягдлыг газарт булж байгаа бол орон нутагт буюу 21 аймагт жилд 1.9 сая тонн хог хаягдлыг газарт булж байна гэсэн судалгааг тус холбооноос гаргажээ. Иймд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь булахаас илүүтэй зөөврийн зуухаар устгаж, дахивар хог хаягдлыг нэг дор төвлөрүүлэн Улаанбаатар хот руу нийлүүлэх нь зөв шийдэл гэж талууд үзэж байгаа юм.