АХМАДЫН УРЛАГИЙН II ИХ НААДАМД 180 ОРЧИМ АХМАД ОРОЛЦОЖ БУЙГААС ХАМГИЙН ӨНДӨР НАСТАН НЬ 81 НАСТАЙ БУУРАЛ БАЙНА

2022.10.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит Ахмадын урлагийн II их наадам өнөөдөр Хан Хэнтий чуулгад болж байна. Уг наадамд аймгийн 15 сумын 180 орчим ахмад настан гоцлол бүжиг, ардын дуу, шүлэг, гар урлал зэрэг урлагийн долоон төрлөөр оролцож байгаа юм.
Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит Ахмадын урлагийн II их наадам өнөөдөр Хан Хэнтий чуулгад болж байна. Уг наадамд аймгийн 15 сумын 180 орчим ахмад настан гоцлол бүжиг, ардын дуу, шүлэг, гар урлал зэрэг урлагийн долоон төрлөөр оролцож байгаа юм.
Энэ талаар Хэнтий аймгийн Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга, МУСТА Д.Баатарцогт “Үе үеийн дуучин, бүжигчин, соёлын биет бус өвийг уламжлагчид энэхүү наадамд оролцохоор ирсэн. Шүүгчдийн зүгээс болж өгвөл олон сайхан амхадуудыг гала тоглолтод оролцуулахыг эрмэлзэж байна. Нийт оролцогчдоос хамгийн ахмад нь 81 настай буурал байна. Мөн Баянхутаг сумаас 79 настай ахмад настан н.Алтанхуяг гуай гар урлалаар авъяас чадвараа уралдуулж байгаа нь бас их бахархууштай байна. Түүнчлэн уг наадмыг сонирхон үзэж буй ахмад настнуудын маань үр хүүхэд, хамаатан садан аав ээж, ах эгч нарыгаа дуулж бүжиглэхийг хараад сэтгэл нь огшиж байгаа болов уу гэж бодож байна.
Сүүлийн хоёр, гурван жилд урлаг соёлын төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулагдаагүй. Иймд уг наадмыг аймгийн Ахмадын хороо санаачлан зохион байгуулж, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад Соёл урлагийн газрын хамт олноос талархсанаа илэрхийлье” хэмээн ярилаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хэнтий аймгийн Соёл урлагийн газрын дарга МУСТА Т.Зулбаатар, Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга МУСТА Д.Баатарцогт, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжгийн ангийн дарга МУСТА н.Мөнхбат, гоцлол дуучин МУСТА Р.Отгонтуяа, гоцлол хөгжимчин н.Мөнхтөр нар байна.